ЛУК 20:27-40
ЛУК 20:27-40 АБ2004
(Амилалт гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Түүн уруу ирэв. Тэд Түүнээс асуун —Багш аа, “Хэрэв хэн нэгний чинь ах үхэхдээ, тэр нь эхнэртэй атлаа үр хүүхэдгүй байсан бол, дүү нь эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж Мосе бидэнд бичжээ. Тэгвэл ах дүү долоо байжээ. Ууган нь эхнэр авч, үр хүүхэдгүй үхжээ. Хоёр дахь нь, гурав дахь нь ч мөн түүнийг авчээ. Ингэсээр ах дүү долуулаа үр хүүхдээ үлдээлгүй үхжээ. Эцэст нь мөнөөх эмэгтэй ч мөн үхэв. Иймд амилалт дээр тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Юу гэвэл тэд долуулаа түүнийг эхнэрээ болгон авсан шүү дээ гэжээ. Есүс тэдэнд —Энэ үеийн хөвгүүд нь гэрлэж, охидоо хадамд гаргадаг. Харин тэрхүү үе хийгээд үхэгсдээс амилалтад хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс нь эхнэр ч авахгүй, нөхөрт ч гарахгүй. Тэд тэнгэр элч нартай адил тул цаашид үхэж чадахгүй бөгөөд амилалтын хөвгүүд тул Бурханы хөвгүүд юм. Харин Мосе шатаж буй бутны тухай хүүрнэлдээ Эзэнийг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэснээрээ үхэгсэд амилахыг харуулсан юм. Тиймээс Тэр үхэгсдийн Бурхан биш, харин амьдын Бурхан мөн. Учир нь Түүний хувьд бүгд амьд байдаг гэж айлдав. Хуулийн багш нарын зарим нь —Багш аа, Та сайн хэллээ гэв. Учир нь тэд Түүнээс юуны ч тухай дахиж асуухыг зүрхэлсэнгүй.