ЛУК 6:17-42

ЛУК 6:17-42 АБ2004

Тэгээд Тэр тэдний хамт уруудан бэлд буун ирж зогсов. Тэнд асар олон дагалдагч нар нь байсан бөгөөд бүх Иудей, Иерусалим, Тир болон Сидоны эрэг хавийн нутгуудаас ирсэн үй олон хүн Түүнийг сонсохоор, бас өвчнөө эдгээлгэхээр иржээ. Мөн бузар сүнсэнд зовоогдсон хүмүүс ч илааршиж байв. Түүнээс хүч гарч, бүгдийг эдгээж байсан учир цугласан олон бүгд Түүнд гар хүрэхийг чармайн байв. Есүс шавь нарын зүг харцаа хандуулан —Ядуус та нар ерөөлтэй еэ! Учир нь Бурханы хаанчлал та нарынх юм. Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Учир нь та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Учир нь та нар инээх болно. Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, хавчин, доромжилж, нэрийг чинь хорон муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ! Тэр өдөр баярла, баясан цовхч. Юу гэвэл тэнгэр дэх та нарын шагнал агуу билээ. Учир нь тэдний эцэг өвгөд эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм. Харин баячууд та нар золгүй еэ! Та нар тайвширлаа дүүрнээр хүлээн авсан. Эдүгээ цатгалан буй та нар золгүй еэ! Учир нь та нар өлсөх болно. Эдүгээ инээж буй та нар золгүй еэ! Учир нь та нар гашуудан уйлах болно. Бүх хүмүүс та нарын тухай сайнаар ярих цагт та нар золгүй еэ! Учир нь тэдний эцэг өвгөд хуурамч эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм. Харин сонсогч хүмүүст Би хэлж байна. Дайснаа хайрла, та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд. Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө, та нартай буруугаар харьцдаг хүмүүсийн төлөө залбир. Хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа тавьж өг. Дээлийг чинь булаан авсан хүнээс цамцаа бүү харамла. Гуйсан хүн бүрд өг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх. Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд. Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрладаг хүмүүсийг хайрладаг шүү дээ. Хэрэв та нар өөрт чинь сайныг үйлддэг хүмүүст сайныг үйлдвэл та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл мөн л тийн үйлддэг шүү дээ. Хэрэв та нар эргүүлэн авна гэсэн хүмүүстээ зээл өгөх аваас та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өгснийхөө чинээг эргүүлэн авахын тулд нүгэлтнүүддээ зээл өгдөг. Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал тань агуу байх бөгөөд та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болоод бузар хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг юм. Та нарын Эцэг өршөөнгүй. Түүнчлэн өршөөнгүй байгтун. Шүүгдэхгүйн тулд бусдыг бүү шүү. Яллагдахгүйн тулд бусдыг бүү ялла. Уучлагтун, тэгвэл та нар ч мөн уучлагдана. Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ. Тэр мөн тэдэнд сургаалт зүйрлэлээр —Сохор нь сохроо газарчилж чадна гэж үү? Хоёулаа нүхэнд унах биш үү? Шавь нь багшийнхаа дээр байдаггүй. Харин бүрэн суралцсаныхаа дараа хүн бүр багш шигээ болно. Өөрийн нүдэн дэх дүнзээ ажиглаагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ? Эсвэл чи нүдэндээ байх дүнзийг мэдээгүй атлаа ах дүүдээ “Ах минь, би нүдэнд чинь байгаа үртсийг аваадахъя” гэж яаж хэлж чадна вэ? Хоёр нүүртэн чи эхлээд өөрийн нүдэн дэх дүнзийг авч хая. Тэгж байж л чи сайн харж, ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг авна шүү дээ.