МАТАЙ 12

12
1Тухайн үед нэгэн амралтын өдөр, тариан талбайн дундуур Есүс явж байв. Шавь нар нь өлсгөлөн байсны улмаас тариан түрүүг шувтран идэж эхлэв. 2Гэтэл үүнийг фарисайчууд хараад, Түүнд
—Хараач, Таны шавь нар амралтын өдөр хууль бус юм үйлдэж байна гэцгээв. 3Харин Есүс тэдэнд хэлсэн нь
—Давид болон түүнтэй хамт байгсад нь өлссөн үедээ юу хийснийг та нар уншаагүй юу? 4Давид Бурханы гэрт орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхнаас тэр болон түүнтэй хамт байгсад нь идсэн шүү дээ. 5Амралтын өдөр тахилч нар сүм дотор Амралтын өдрийг зөрчсөн ч гэм зэмгүй гэснийг та нар Хуулиас уншаагүй гэж үү? 6Харин Би та нарт хэлье. Сүмээс илүү аугаа Нэгэн энд байна. 7Хэрэв та нар “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан. 8Учир нь Хүний Хүү нь Амралтын өдрийн Эзэн мөн.
9Есүс тэндээс явж, тэдний синагогт орлоо. 10Хатангир гартай нэгэн хүн тэнд байжээ. Тэд Есүсийг буруутгахаар
—Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү? гэж асуухад, 11Тэр тэдэнд
—Хэрэв та нарын дундаас хэн нэгэн нь ганцхан хоньтой байгаад тэр нь Амралтын өдөр нүхэнд уначихвал, хонио барьж, тэндээс гаргана биз дээ? 12Тэгвэл хүн хониноос аль хир эрхэм билээ? Тиймээс Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ гээд, 13мөнөөх хүнд хандан
—Гараа сунга гэсэнд, тэр хүн сунгамагц гар нь нөгөө гарынхаа адил зүгээр болов. 14Харин фарисайчууд гарч, Түүнийг хэрхэн хөнөөх талаар хамтдаа Түүний эсрэг зөвлөлдөв.
15Харин Есүс үүнийг мэдэнгүүтээ тэндээс холдов. Түүнийг олон хүн дагаж байлаа. Тэр тэднийг бүгдийг нь эдгээгээд, 16Өөрийг нь мэдүүлж болохгүйг тэдэнд сануулав. 17Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд тэр ийн хэлсэн байна.
18«Миний сонгосон Зарц,
сэтгэлд минь нийцсэн Миний Хайртыг харагтун.
Би Түүний дээр Өөрийн Сүнсээ байлгана.
Тэр нь харь үндэстэнд шударга ёсыг тунхаглах болно.
19Тэр мэтгэлцэхгүй, хашхирахгүй бөгөөд
Гудамжнуудад хэн ч Түүний дууг сонсохгүй.
20Тэр шударга ёсыг ялалтад хүргэтэл
бяцлагдсан хулсыг хугалахгүй,
сүүмэлзэх зулыг ч бөхөөхгүй.
21Түүний нэрэнд харь үндэстнүүд найдах болно».
22Тэгээд Түүн уруу чөтгөрт эзэмдүүлсэн сохор, хэлгүй нэгнийг авчирсанд, Тэр түүнийг эдгээв. Тийнхүү хэлгүй эр ярьдаг, хардаг болжээ. 23Олон түмэн бүгдээрээ ихэд гайхан,
—Энэ хүн чинь Давидын Хүү биш үү? гэцгээж эхлэв. 24Харин фарисайчууд үүнийг сонсоод,
—Энэ хүн чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр л чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэж хэлсэнд, 25Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд хандан,
—Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Аливаа хот, эсвэл гэр дотроо хуваагдвал оршин тогтнохгүй. 26Хэрэв Сатан нь Сатаныгаа зайлуулбал, тэр өөрийнхөө эсрэг хуваагдаж байгаа хэрэг болох нь. Тэгвэл түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? 27Хэрэв Би Беелзебулээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тэгэхээр тэд та нарын шүүгч болно. 28Харин хэрвээ Би Бурханы Сүнсээр чөтгөрүүдийг зайлуулдаг бол Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна. 29Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэн түүний гэрт нь ороод эд хөрөнгийг нь булааж чадах билээ? Хүлсний дараа л гэрийг нь дээрэмдэнэ шүү дээ. 30Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй хүн бол тараагч нэгэн мөн. 31Тиймээс Би та нарт хэлье. Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол нь уучлагдана. Харин Сүнсний эсрэг доромжлол уучлагдахгүй. 32Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч энэ үед ч, ирэх үед ч уучлагдахгүй. 33Эсвэл мод нь сайн бол үр жимс нь сайн, мод нь муу бол үр жимс нь муу ажээ. Учир нь модыг үр жимсээр нь таньдаг. 34Хорт могойн удам аа! Та нар өөдгүй хорон атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхний бялхалаас ам ярьдаг. 35Сайн хүн өөрийн сайн баялгаас сайныг гаргадаг, муу хүн өөрийн муу баялгаас мууг л гаргадаг. 36Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. 37Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө, мөн чи үгсээрээ яллагдана гэв.
38Тэгтэл хуулийн багш нар ба фарисайчуудын зарим нь Түүнд
—Багш аа, бид Танаас тэмдэг үзэхийг хүсэж байна гэсэнд, 39харин Тэр тэдэнд
—Хорон муу болоод завхай үеийнхэн тэмдгийг эрж хайдаг. Гэвч эш үзүүлэгч Ионагийн тэмдгээс өөр ямар ч тэмдгийг тэдэнд өгөхгүй. 40Иона далайн мангасын гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно. 41Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож, эднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас аугаа Нэгэн байна. 42Шүүлт дээр Өмнөдийн Хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож эднийг яллах болно. Учир нь тэр Хатан хаан Соломоны мэргэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос аугаа Нэгэн байна. 43Бузар сүнс хүнээс гарахдаа, усгүй ангамал газраар хэрэн хэсэж амралтыг хайвч түүнийгээ олдоггүй. 44Тэгээд тэр “Би хаанаас гарлаа, тэр гэртээ эргэж очъё” гэж хэлдэг. Буцаж ирэхэд нь, түүнийг хэн ч эзлээгүй бөгөөд шүүрдсэн, цэгцтэй болсон байхыг тэр хардаг. 45Тэгээд тэр явж, өөрөөсөө дор өөр долоон сүнсний хамт тийшээ орж, тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог. Энэ муу үеийнхэн ч мөн тийм байх болно гэж айлдав.
46Түүнийг хүмүүстэй ярьж байх зуур эх, дүү нар нь Түүнтэй ярилцахыг хүсэмжилж гадаа зогсож байлаа. 47Хэн нэг нь Түүнд
—Хараач, эх, дүү нар тань Тантай ярилцахаар гадаа зогсож байна гэхэд, 48Есүс харин тэр хүнд
—Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ? гээд 49Өөрийн шавь нарын зүг гараа сунгаад,
—Харагтун, эд бол Миний эх болоод ах дүүс. 50Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, ах эгч дүүс мөн гэж айлдав.

Одоогоор Сонгогдсон:

МАТАЙ 12: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү