МАТАЙ 15

15
1Тэгтэл Иерусалимаас хэсэг фарисайчууд болоод хуулийн багш нар Есүс дээр ирж,
2Таны шавь нар юунд ахмадын ёс заншлыг зөрчинө вэ? Тэд талх идэхдээ гараа угаахгүй юм гэцгээхэд 3Тэр хариуд нь тэдэнд
—Яагаад та нар өөрсдөө ёс заншлынхаа төлөө Бурханы тушаалуудыг зөрчинө вэ? 4Бурхан “Эцэг, эхээ хүндэл”, “Эцэг, эхээ муугаар хэлэгчийг ал” гэж айлдсан. 5Гэтэл та нар “Хэрэв хэн эцэг, эсвэл эхдээ «Та нарт тусалж магадгүй байсан өөрийн ямар ч зүйлээ Бурханд өргөсөн» гэж хэлнэ, 6тэр нь эцгээ, эсвэл эхээ хүндлэх хэрэггүй” гэдэг. Та нар ийнхүү ёс заншлынхаа төлөө Бурханы үгийг хүчингүй болголоо. 7Зальхай хүмүүс ээ, Исаиа та нарын тухай зөв эш үзүүлсэн юм. Ингэхдээ
8“Энэ ард түмэн Намайг амаараа хүндэлдэг.
Гэвч тэдний зүрх Надаас алс хол байдаг.
9Тэд хүнээс гарсан тушаал зааврыг сургаж,
Надад дэмий хоосноор мөргөж байна”
гэсэн гэв. 10Хурсан олныг Тэрээр Өөр уруугаа дуудсаны дараа тэдэнд
—Сонс, ухаар. 11Аманд орсон юм хүнийг бузарладаггүй, харин амнаас гарч буй нь хүнийг бузарладаг юм гэхэд 12шавь нар нь ойртож очоод Түүнд
—Энэ үгсийг тань сонсоод фарисайчууд гомдсоныг Та мэдэв үү? гэжээ. 13Харин Есүс хариуд нь
—Тэнгэрлэг Эцэгийн минь тариагүй алив ургамал үндсээрээ сугалагдана. 14Тэднийг орхи. Тэд бол сохруудыг удирддаг сохрууд юм. Хэрэв сохор нь сохроо удирдвал, тэд хоёул нүхэнд унах болно гэхэд, 15Петр Түүнд
—Энэ сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаж өгөөч гэсэнд, 16Тэр
—Та нар мөн л ойлгохгүй хэвээр байна уу? 17Ам уруу орох алив зүйл гэдсэнд ороод арилдгийг ойлгохгүй байна гэж үү? 18Харин амнаас гарах зүйл зүрхнээс гарч, тэдгээр нь хүнийг бузарладаг. 19Зүрхнээс хорон муу бодол, аллага, завхайрал, садар самуун, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг зэрэг нь гардаг. 20Эдгээр нь хүнийг бузарладаг. Харин гараа угаалгүй идэх нь хүнийг бузарладаггүй гэжээ.
21Есүс тэндээс явж, Тир болон Сидоны нутагт ирэв. 22Нэгэн Канаан эмэгтэй тэр мужаас ирж,
—Давидын Хүү Эзэн, намайг өршөөгөөч. Охиныг маань чөтгөр хэрцгийгээр эзэмдэж байна гэж орилов. 23Харин Есүс түүнд нэг ч үг хэлсэнгүй. Тэгтэл шавь нар нь ирээд, Түүнээс
—Түүнийг явуулаач. Тэр эмэгтэй бидний араас хашхирсаар байна шүү дээ гэж гуйв. 24Гэтэл Есүс
—Би зөвхөн Израилийн гэрийн алдагдсан хонинууд уруу илгээгдсэн юм гэсэн 25боловч өнөөх эмэгтэй дөхөж ирээд, Түүний өмнө мөргөж,
—Эзэн, надад туслаач гэхэд, 26Есүс
—Хүүхдүүдийн талхыг авч, нохдод хаяж өгөх нь сайн хэрэг бишээ гэв. 27Харин тэр
—Тийм ээ, Эзэн. Гэвч ноход ч эздийнхээ ширээнээс унасан үйрмэгээр хооллодог шүү дээ гэсэнд, 28Есүс
—Эмэгтэй ээ, итгэл чинь агуу юм. Чиний хүссэнээр бүтэг гэхэд, охин нь тэр дороо эдгэрчээ.
29Тэгээд Есүс тэндээс явж, Галил нуурын хавьд ирээд, ууланд гарч тэндээ сууж байлаа. 30Маш олон хүн Түүн дээр доголон, тахир дутуу, сохор, дүлий болон олон хүнийг авч ирээд хөл дор нь тавилаа. Тэр тэднийг эдгээв. 31Хэлгүйчүүдийн ярихыг, тахир дутуу хүмүүсийн эрүүл болохыг, хазгар доголонгуудын явахыг, сохруудын харахыг хурсан олон үзээд гайхан, Израилийн Бурханыг алдаршуулав.
32Есүс шавь нараа Өөр дээрээ дуудаад, тэдэнд
—Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Тэд Надтай хамт гурван өдрийн турш байж, ямар ч идэх юмгүй болжээ. Би тэднийг өлөн зэлмүүн явуулмааргүй байна. Тэд замдаа сульдах вий гэхэд нь, 33шавь нар нь Түүнд
—Бид энэ зэлүүд газар ийм олон хүмүүсийг цатгах талхыг хаанаас олох билээ? гэсэнд, 34Есүс
—Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд
—Долоо. Бас хэдэн жижиг загас байна гэлээ. 35Тэр хурсан олонд газар суухыг тушаагаад, 36долоон талх, мөн загасыг авч талархал өргөн хуваагаад, шавь нартаа өгч эхэлсэнд тэд хүмүүст тараан өгөв. 37Бүгд идэж цадаад үлдсэн хэлтэрхийнүүдийг цуглуулахад долоон том сагс дүүрсэн байлаа. 38Эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна тэнд байсан дөрвөн мянган эрчүүд идсэн юм. 39Тэгээд хурсан олныг явуулаад, Тэр завинд сууж, Магаданы нутагт очив.

Одоогоор Сонгогдсон:

МАТАЙ 15: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү