МИКА 7
7
1Би гаслантай яа!
Учир нь би жимс түүгчид, усан үзэм хураагчидтай адил юм.
Идчихээр усан үзмийн багц алга.
Миний хүсэж буй анхны ургацын инжир алга.
2Энэ газраас бурханлаг хүн устжээ.
Хүмүүсийн дунд цэх шударга хүн алга.
Тэд бүгдээрээ цус урсгах гэж бүгдэг.
Хүн бүр нөгөөгөө тороор агнадаг.
3Муугийн талаар бол, хоёр гар хоёул үүнийг сайн үйлддэг.
Жонон, бас шүүгч хахууль шаарддаг.
Агуу хүн сэтгэлийнхээ хүслийг ярьдаг.
Тэгээд тэд үүнийг хамтдаа сүлждэг.
4Тэдгээрийн хамгийн сайн нь өргөст ургамал,
хамгийн цэх шударга нь үүргэнийн шивээ мэт юм.
Чи харуулыг тавих тэр өдөр чиний шийтгэл ирэх болно.
Тэгээд тэдний үймээн будлиан ирэх болно.
5Хөршдөө бүү найд, найздаа бүү итгэ.
Өвөрт чинь унтагчаас уруулаа хамгаал.
6Учир нь хүү нь эцэгтэйгээ тоомсоргүй харьцаж,
охин нь эхийнхээ эсрэг,
бэр нь хадам эхийнхээ эсрэг босдог.
Хүний дайснууд нь өөрийнх нь гэрийн хүмүүс байдаг.
7Харин миний хувьд, би ЭЗЭНийг хүлээн харуулдах болно.
Би авралынхаа Бурханыг хүлээнэ.
Миний Бурхан намайг сонсох болно.
8Дайсан минь, надаас болж бүү баяс!
Хэдийгээр би унавч, босох болно.
Хэдийгээр би харанхуйд амьдравч ЭЗЭН миний гэрэл юм.
9Би Түүний эсрэг нүгэл үйлдсэн тул
Тэрээр миний хэргийг өмгөөлж,
миний төлөө шударга ёсыг хэрэгжүүлэх хүртэл ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно.
Тэр намайг гэрэлд гаргана.
Тэгээд би Түүний зөв шударгыг харах болно.
10Тэгээд миний дайсан харж,
“Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж надад хэлсэн хүнийг ичгүүр нөмрөх болно.
Миний нүд түүнийг харж,
тэр үед тэрээр гудамжны шавхай мэт доор гишгэгдэх болно.
11Энэ нь хана хэрмээ барих өдөр болно.
Тэр өдөр чиний хил хязгаар өргөсөх болно.
12Энэ нь Ассири болон Египетийн хотуудаас,
Египетээс Евфрат хүртэл,
далайгаас далай хүртэл,
уулаас уул хүртэл тэд чам уруу ирэх өдөр болно.
13Оршин суугчдынхаа үйлийн үрээс болж дэлхий эзгүйрнэ.
14Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Өөрийн очирт таягаараа хариулаач.
Тэд үржилт талбайн дунд, модот газарт дангаараа оршдог.
15“Чамайг Егигетийн нутгаас гарсан өдрүүдийнх шиг
Би чамд гайхамшгуудыг үзүүлэх болно”.
16Үндэстнүүд харж, тэд өөрсдийн бүхий л хүч чадлаасаа ичих болно.
Тэд гараа аман дээрээ тавьж, тэдний чих дүлий болно.
17Тэд могой мэт, газрын хэвлээр явагчид мэт шороо долооно.
Тэд бэхлэлтүүдээсээ чичрэн гарч ирнэ.
Тэд бидний Бурхан ЭЗЭН уруу айдастайгаар ирнэ.
Таны өмнө тэд айх болно.
18Гэмийг уучилдаг,
Өөрийн өвийн үлдэгсдийн тэрслүү үйлдлийг хэрэгсдэггүй Тантай адил Бурхан хэн юм бэ?
Тэр хувиршгүй хайранд баясдаг тул уур хилэнгээ мөнхөд хадгалдаггүй.
19Тэр дахин биднийг өрөвдөж,
бидний гэмийг хөл доор гишгэчнэ.
Тийм ээ, Та тэдний бүх нүглийг далайн гүн уруу хаяна.
20Та бидний өвөг дээдэст эртний өдрүүдээс тангарагласан үнэнийг Иаковд,
хувиршгүй хайрыг Абрахамд өгөх болно.
Одоогоор Сонгогдсон:
МИКА 7: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society