МАРK 11
11
1Тэд Иерусалимд, Чидун уулын ойролцоо Бетфаг болон Бетсайдад ойртон иржээ. Есүс шавь нараасаа хоёр хүнийг явуулж, 2тэдэнд
—Эсрэг талд чинь байгаа суурин уруу яв. Тэнд очсон тэр даруй уяатай, хүн хэзээ ч унаж байгаагүй дудранг олно. Уяаг нь тайлаад, энд авчир. 3Хэрэв хэн нэгэн хүн та нараас “Та нар яагаад ингэж байна?” гэж асуувал “Энэ дудран Эзэнд хэрэгтэй. Удахгүй тэр үүнийг чинь буцааж явуулна” гэж хэлээрэй гэв. 4Тэд явж, гудамжинд хаалганы гадаа уяатай дудранг олж, уяаг нь тайлав. 5Тэнд зогсож байсан хүмүүсийн зарим нь
—Та нар юу хийж байгаа юм бэ, дудрангаа уяанаас нь тайлж байгаа юм уу? гэхэд, 6тэд Есүсийн айлдсаны дагуу хэлэхэд хүмүүс тэднийг явуулав. 7Тэд дудранг Есүс уруу авчраад, дээр нь хувцсаа тохоход Есүс мордов. 8Олон хүмүүс хувцсаа, зарим нь талбайгаас цавчиж авчирсан найлзуурыг зам дээр дэвсжээ. 9Өмнө хойно нь явсан хүмүүс хашхиралдан
—Хосанна!
Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!
10Бидний эцэг Давидын ирж буй хаанчлал ерөөлтэй.
Хамгийн дээдэд Хосанна!
гэцгээж байлаа.
11Есүс Иерусалимд ирж, сүмд оров. Эргэн тойрноо харсны дараа цаг хэдийн орой болсон тул Есүс арван хоёрынхоо хамт гарч Бетаныг зүглэв.
12Маргааш нь тэднийг Бетанаас гарах үед Есүс өлсжээ. 13Тэгээд холоос навчит инжрийн модыг харж, модноос юм олж юу магад гээд явлаа. Тэр хүрч ирээд навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжрийн улирал болоогүй байв. 14Есүс тэр модонд
—Чамаас хэн ч хэзээ ч дахиж жимс бүү идэг! гэв. Шавь нар нь сонсож байлаа.
15Тэд Иерусалимд ирцгээлээ. Есүс сүмд ороод, тэнд юм худалдаж байсан болон худалдан авч байсан хүмүүсийг хөөж эхлэн, мөнгө сольдог хүмүүсийн ширээнүүдийг, тагтаа зарж байсан хүмүүсийн сандлуудыг нь хөмрүүлж унагаав. 16Тэрээр сав суулга зөөж сүмээр дайрч явахыг хэнд ч зөвшөөрсөнгүй. 17Есүс сурган, тэдэнд хандан
—“Миний гэр бол бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэнэ” гэж бичигдээгүй гэж үү? Гэтэл та нар түүнийг дээрэмчдийн үүр болгожээ гэв. 18Ахлах тахилч нар болон хуулийн багш нар үүнийг сонсоод, Есүсийг хөнөөх арга замаа хайж байлаа. Учир нь олон түмэн бүгд Түүний сургаалыг сонсоод гайхаж байсан тул тэд Есүсээс айж байсан юм.
19Орой болох бүрд тэр хотоос гарч явдаг байлаа.
20Өглөөгүүр тэр хавиар өнгөрөн явахдаа нөгөө инжрийн мод үндэснээсээ эхлэн хатсаныг тэд үзэв. 21Петр санаж,
—Багш аа, хараач! Таны хараасан инжрийн мод хатчихаж гэхэд 22Есүс тэдэнд хариулан
—Бурханд итгэгтүн. 23Үнэнээр Би та нарт хэлье. Хэн боловч энэ ууланд хандан “Өргөгдөж тэнгист хаягдагтун” гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа нь бүтнэ гэдэгт итгэвэл тэр чинь ёсоор болно. 24Тийм учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирч, гуйж байна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно. 25Та нар залбиран зогсохдоо, хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын хилэнцийг уучлах болно. 26[Харин хэрвээ та нар уучлахгүй бол, тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын хилэнцийг уучлахгүй гэв].
27Тэд дахин Иерусалимд ирэв. Есүсийг сүм дотор явж байтал нь ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчид Түүн уруу хүрч ирээд, 28Түүнээс
—Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Эдгээрийг үйлдэх эрх мэдлийг хэн Танд өгөв? гэж асуухад, 29Есүс тэдэнд
—Та нараас Би нэг юм асууя. Та нар Надад хариул. Тэгвэл ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа Би та нарт хэлэх болно. 30Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүнээс ирсэн үү? Надад хариулаач гэв. 31Тэд өөр хоорондоо
—Хэрэв бид “Тэнгэрээс” гээд хэлчихвэл, Тэр “Тэгвэл яагаад та нар түүнд итгээгүй юм бэ?” гэж хэлнэ дээ. 32Харин “Хүнээс” гэж хэлбэл... гэж ярилцав. Тэд хурсан олноос айж байлаа. Учир нь бүх хүн Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг байсан юм. 33Тэгээд тэд Есүст
—Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс
—Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа та нарт хэлэхгүй гэв.
Одоогоор Сонгогдсон:
МАРK 11: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society