СУРГААЛТ ҮГС 11
11
1Алдаатай дэнслэх нь ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг.
Харин зөв дэнслэх нь Түүнд тааламжтай ажээ.
2Бардам зан нэр хугална.
Даруу зан болбоос мэргэн ухаан.
3Цэх шулуун хүмүүсийг үнэнч шударга байдал нь удирддаг бол
Итгэлгүй хүмүүсийг худал хуурмаг байдал нь хөнөөдөг аж.
4Эд баялаг нь уур хилэнгийн өдөр ямар ч тус болохгүй.
Харин зөв шударга байдал нь үхлээс чөлөөлнө.
5Гэмгүй хүний зөв шударга байдал өөрийнх нь замыг тэгш болгодог.
Харин хар санаатан өөрийнхөө хар санаанд ойчдог.
6Цэх шулуун хүнийг зөв шударга байдал нь аварна.
Харин итгэлгүй хүн сувдаг сэтгэлдээ баригдана.
7Хар санаатан үхэхэд итгэл найдвар нь ор мөргүй алга болдог.
Тийм хүний хүч чадалдаа найдсан горьдлого нь ч тасарна.
8Шударга зөв нэгэн хүнд байдлаас гардаг бол
Хар санаатай хүн оронд нь ордог.
9Бурхангүй хүн амаараа хөршөө хөнөөнө.
Харин зөв шударга хүн мэдлэгээр аврагдана.
10Шударга зөв хүмүүс дэвжин дээшлэх цагт хотол олноороо баярлана.
Хорон санаатан мөхөх цагт тэнд баяр хөөр болно.
11Шулуун шударга хүмүүсийн ерөөлөөр хот нь дэвжин дээшилдэг бол
Хар санаатны ам түүнийг доош нураадаг.
12Хөршдөө зэвүүцэгч нь ухаанаар дутмаг байгаа хэрэг.
Харин ухаалаг нэгэн дуугүй байна.
13Задгай амтай хүн нууцыг задруулдаг бол
Итгэл хүлээсэн хүн үйл хэргийг нууцалдаг юм.
14Удирдамжгүй аваас ард түмэн нь мөхнө.
Харин олон зөвлөгчтэй аваас ялалтанд хүрнэ.
15Харь хүний төлөө батлан даагч нь үүнийхээ төлөө үнэхээр зовно.
Харин даалт гаргахыг үл хүсэгч нь аюулгүй байна.
16Нигүүлсэнгүй эмэгтэй хүндэтгэлийг хүлээнэ.
Шаргуу дайчин эр баялгийг олно.
17Энэрэнгүй хүн сэтгэлээ тэтгэдэг бол
Хэрцгий ширүүн хүн сэтгэлдээ гай зовлон хураана.
18Хорон санаатай хүн хуурамч хөлсөө хүртэнэ.
Харин шударга зөвийг таригч нэгэн жинхэнэ шагналыг хүртэнэ.
19Шударга зөвийг тууштай дагагч нь аминд хүрнэ.
Хорон мууг даган мөшгөгч нь өөрийн үхэл уруугаа тэмүүлнэ.
20Зоргоороо авирлагч хүн ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг бол
Гэмгүйгээр алхдаг нэгэн Түүний таалалд нийцдэг.
21Хар санаатан зайлшгүй шийтгүүлнэ.
Харин шударга зөв хүний үр удам нь чөлөөлөгдөнө.
22Үзэсгэлэнтэй атлаа хөнгөн хуумгай эмэгтэй нь
Гахайн хоншоорт зүүсэн алтан гархи мэт ажгуу.
23Шударга зөв хүний хүсэл нь үргэлж сайн сайхан юм.
Харин хорон хүний хүсэл уур хилэн аж.
24Харамгүйгээр өгдөг атлаа илүүг хүртдэг хүн бий.
Харин нарийлагч хүн тэр хэрээрээ хоосордог.
25Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг.
Бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхрэх болно.
26Үр буудайгаа нууж нөөцөлдөг нэгнийг хүмүүс зүхнэ.
Харин түүнийгээ зарж худалддаг нэгэнд ерөөл оршино.
27Сайныг хайгч нэгэн ивээл өмгөөллийг олно.
Харин хорон муу нь түүнийг хайгч нэгэн дээр ирнэ.
28Өөрийнхөө баялагт найдагч нэгэн унана.
Харин шударга зөв хүн ногоон навч лугаа адил хөгжин дэвжинэ.
29Өөрийн гэртээ гай тотгор учруулдаг хүн салхийг өвлөнө.
Мөхөс хүн мэргэн хүний зарц болно.
30Шударга зөв хүний үр жимс нь амийн мод юм.
Мэргэн хүн сэтгэлийг байлдан дагуулна.
31Шударга зөв хүн хүртэх ёстойгоо газар дээр хүртдэг бол
Хар санаатан хийгээд нүгэлтэн нь хэд дахин илүү хариугаа хүртэх бол доо!
Одоогоор Сонгогдсон:
СУРГААЛТ ҮГС 11: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society