СУРГААЛТ ҮГС 16:17-33
СУРГААЛТ ҮГС 16:17-33 АБ2004
Цэх шулуун хүмүүсийн зам бол өөрсдийгөө хорон муугаас холдуулах явдал билээ. Өөрийн замыг анхааралтай ажигладаг хүн амиа хамгаална. Сүйрлийн өмнө бардам зан явдаг бол Бүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг. Бардам хүмүүстэй олз хувааснаас, Дорд хүмүүсийн дунд даруу сүнстэй байсан нь хавьгүй дээр. Үгэнд анхаарлаа хандуулдаг хүн сайн сайхныг олно. ЭЗЭНд итгэгч хүн ерөөлтэй! Зүрхэндээ мэргэн хүн ухаалаг хэмээгдэнэ. Амтат үг яриа ятгалгыг улам нэмэгдүүлнэ. Өөрийг нь эзэмшигч хүнд ухаан бол амийн ундарга юм. Харин мунхаг хүний сахилга нь мунхаглал юм. Мэргэн хүний зүрх амаа сургадаг бөгөөд Уруулдаа ятгалгыг нэмдэг. Тааламжит үгс зөгийн балтай сархинаг ажгуу. Тэр нь сэтгэлд амтат бурам ба ясанд эм болой. Хүнд зөв мэт санагдавч, Төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг. Хөдөлмөрлөгч хүний хооллох хүсэл өөрийнх нь төлөө ажилладаг. Түүний өлсгөлөн байдал нь түүнийг хөтөлдөг. Хар санаат хүн хорон мууг ухаж гаргадаг. Түүний үгс дүрэлзэх гал мэт болой. Замаасаа гажигч хүн эвдрэлцлийг тарьдаг. Хов жив тараагч хүн дотнын анд нөхдийг салгадаг. Хүчирхийлэгч хүн хөршөө уруу татаж, Сайн биш замаар дагуулдаг. Нүдээ ирмэгч хүн гажсан зүйлсийг сэддэг. Хөмхийгөө зуугч хүн хорон мууг гүйцэлдүүлдэг. Буурал толгой бол алдрын титэм юм. Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог. Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр. Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр. Шавга хаявч шийдвэр бүр нь ЭЗЭНээс ирдэг.