СУРГААЛТ ҮГС 19
19
1Гажсан яриатай мунхаг нэгэн байснаас
Ядуу атлаа үнэнч шударга байдал дотроо явдаг нэгэн байх нь дээр.
2Бас мэдлэггүй байх нь хүний хувьд сайн хэрэг биш.
Яаруу хүн хий гишгэдэг юм.
3Хүмүүний мунхаглал замыг нь балладаг бөгөөд
Түүний зүрх сэтгэл ЭЗЭНий эсрэг хилэгнэн дайрна.
4Эд баялаг олон найзуудтай болгодог.
Харин ядуу хүн найз нөхдөөсөө салсан байдаг.
5Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ.
Худал хэлдэг хүн ч бас зугтаж чадахгүй.
6Олон хүмүүс эрх мэдэлтнүүдийн ивээлд багтахыг санаархдаг агаад
Бэлэг сэлт өгдөг нэгэнд хүн бүр найз нөхөд ажээ.
7Ядуу хүний бүх ах дүүс түүнийг үзэн яддаг байхад
Найз нөхөд нь түүнээс ямар их холдох бол доо!
Тэр тэднийг үгээрээ царайчлавч, тэд үл олдоно.
8Мэргэн ухааныг олж авдаг нэгэн сэтгэлээ хайрлана.
Ухааныг дээдэлдэг нэгэн сайныг олно.
9Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ.
Худал хэлдэг хүн мөхөх болно.
10Тансаг байдал мунхагт үл зохино.
Зарц хүн ноёдыг захирах нь бүр ч зохимжгүй.
11Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг.
Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ.
12Хааны хилэгнэх нь арслангийн архирахтай адил боловч
Таалал нь өвсөн дээрх шүүдэр мэт буюу.
13Мунхаг хөвгүүн эцгийнхээ сүйрэл нь юм.
Хэрүүлч эхнэр тасралтгүй дуслах устай адил буюу.
14Орон байр болон эд хөрөнгө нь эцгээс өвлөн ирдэг бол
Ухаалаг эхнэр ЭЗЭНээс ирдэг ажээ.
15Залхуурал хүнийг гүн нойронд автуулна.
Лазан хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ.
16Тушаалыг сахигч хүн сэтгэлээ хамгаална.
Харин өөрийн замыг хайхардаггүй хүн үхэх болно.
17Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг.
Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө.
18Найдлага байгаа цагт хүүгээ хүмүүжүүл.
Түүний үхлийг бүү хүс.
19Их уур хилэнтэй хүн үр дагаврыг нь хүртэх болно.
Хэрэв та түүнийг аварвал дахин аврах хэрэг гарна.
20Зөвлөгөөг сонсож, сахилгыг хүлээж ав.
Тэгвээс амьдралынхаа бүх өдрүүдэд мэргэн байх болно.
21Хүмүүний зүрхэнд олон санаа байдаг боловч
ЭЗЭНий зөвлөгөө байсаар байх болно.
22Хүн нинжин сэтгэлийг хүсдэг.
Худалч байснаас ядуу байсан нь дээр.
23ЭЗЭНээс эмээхүй нь амь уруу хөтөлнө.
Тийн байваас тэр хүн амар тайван нойрсох бөгөөд хорон мууд ороогдохгүй.
24Залхуу хүн тавганд хүргэсэн гараа амандаа хүргэхдээ хүртэл залхуурна.
25Басамжлагчийг буруутгавал, гэнэн нэгэн нь хэрсүү болж мэднэ.
Харин ухаантныг зэмлэвэл тэр сургамжийг олж авна.
26Эцгийгээ дээрэмдэж, эхийгээ хөөж явуулдаг хөвгүүн болбоос
Ичгүүр сонжуургүй нэгэн мөн.
27Хүү минь, сахилга батыг үл сонсвол чи мэдлэгийн үгнээс холдох болно.
28Гуйвуулан гэрчлэгч зөв шударгыг доромжилдог.
Хар санаатны ам шударга бус явдлыг тараадаг.
29Басамжлагчдад шийтгэл болон мунхгуудын нуруунд зориулсан цохилт бэлэн бий.
Одоогоор Сонгогдсон:
СУРГААЛТ ҮГС 19: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society