СУРГААЛТ ҮГС 20

20
1Дарс бол басамжлагч, сархад бол агсамнагч, эдгээрт согтуурсан хэн боловч мэргэн биш.
2Хааны хилэгнэл болбоос арслангийн архиралт мэт бөгөөд
Түүнийг уурлуулах хүн бүр амьдралаа алдана.
3Эвдрэлцлээс зайлсхийх нь хүмүүнд хүндэтгэл юм.
Харин ямар ч мунхаг хүн хэрүүл хийнэ.
4Залхуу хүн газраа цагт нь хагалахгүй.
Тиймээс ургац хураах үед тэр юу ч үгүй хоцорно.
5Хүмүүний зүрхэн дэх төлөвлөгөө гүн ус мэт бөгөөд
Ухаантай хүн тэрхүү усыг гадагш гаргана.
6Ихэнх хүмүүс өөр өөрсдийн үнэн зөвийг тунхагладаг ч
Итгэл найдвартай нэгнийг хэн олж чадах вэ?
7Шударга зөв хүн гэм зэмгүй явдаг.
Тийм хүний үр хүүхдэд ерөөл оршино.
8Зөв шударгын ширээнд залрагч хаан харцаараа хамаг хорон муу зүйлийг хөөдөг.
9Хэн “Би зүрх сэтгэлээ цэвэрлэв.
Би нүгэл хилэнцээсээ ариусав” хэмээн хэлж чадах билээ?
10Зөрүүтэй хэмжүүр ба дэнсний аль алийг нь ЭЗЭН жигшдэг.
11Өөрийнхөө үйлсээрээ ба хандлага нь ариун болон зөв байвал залуу хүн өөрийгөө харуулдаг.
12Сонсох чих болон харах нүдний аль алийг нь ЭЗЭН бүтээсэн.
13Нойрыг бүү хайрла, эс тэгвэл чи ядуу болно.
Нүдээ нээ, тэгвэл чи хоол хүнсээр элбэг дэлбэг байна.
14Худалдан авагч нь
“Энэ нь ч муу. Тэр нь ч муу” гэж өөлж голдог атлаа
Аваад явсныхаа дараа түүгээрээ сайрхдаг.
15Алт болон тоо томшгүй эрдэнэс байдаг боловч
Мэдлэгийг ярих уруул болбоос хамгийн нандин зүйл юм.
16Гаднын хүний өмнөөс батлан даагчийн дээлийг тайлж ав.
Харь хүний өмнөөс батлан даагч нь өөрөө олз болно.
17Буруу замаар олж авсан талх хүнд амттай байж болох юм.
Гэвч эцэст нь түүний ам хайргаар дүүрэх болно.
18Төлөвлөгөө зохиохдоо зөвлөгөө ав.
Мэргэн удирдамжийн дагуу дайт.
19Цуурхал тарааж явдаг хүн нууцыг задруулдаг.
Тиймээс хов живтэй бүү орооцолд.
20Эцэг эхийгээ зүхдэг хүний дэнлүү түнэр харанхуйд бөхнө.
21Эхэндээ үтэр түргэн олддог өв залгамжлал нь эцэстээ ерөөгдөхгүй.
22“Хорон муугийн хариуг би өгнө дөө” гэж бүү ярь.
ЭЗЭНийг хүлээ, Тэр чамайг аварна.
23Зөрүүтэй дэнсийг ЭЗЭН жигшинэ.
Хуурмаг жин сайн зүйл биш ээ.
24Хүмүүний алхаа гишгээг ЭЗЭН залдаг.
Тэгвэл хүмүүн өөрийнхөө замыг хэрхэн мэдэж чадах билээ?
25“Энэ бол ариун” хэмээн хурдан хуумгай хэлээд,
Тангарагласныхаа дараа лавлан эргэцүүлэх нь хүмүүний хувьд хавх юм.
26Мэргэн хаан хар санаатнуудыг шигшиж,
Тэдний дээр тээрмийн чулуу эргүүлнэ.
27Хүний сүнс бол түүний дотоодын мухарт буйг ч нягтлан үздэг ЭЗЭНий дэнлүү билээ.
28Үнэн хийгээд шударга зан хааныг хамгаалдаг бөгөөд
Тэрээр хаан ширээгээ зөв шударгаар барьдаг.
29Залуусын алдар суу нь тэдний хүч тэнхээ.
Өтгөсийн хүндлэл нь тэдний буурал үс.
30Шархны ором нь хорон мууг цэвэрлэдэг.
Мөн цохилтууд нь зүрхний мухарт ч хүрнэ.

Одоогоор Сонгогдсон:

СУРГААЛТ ҮГС 20: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү