СУРГААЛТ ҮГС 30

30
1Иакены хөвгүүн Агурын айлдсан үгс буюу эш үзүүллэг.
Тэрээр эдгээрийг Итиел ба Укалд уламжилжээ.
2Хүмүүнээс хамгийн мунхаг нь гэвэл би л байж таарна.
Хүний ухаан надад байхгүй.
3Би мэргэн ухаанд ч суралцсангүй.
Ариун Нэгэний тухай мэдлэг ч надад алга.
4Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв ээ?
Хэн салхийг гартаа атгаж байв аа?
Хэн усыг дээлэндээ ороож чадав аа?
Хэн дэлхийн хамаг хязгаарыг бүтээв ээ?
Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ?
Та мэдэх үү?
5Бурханы үг бүр соригдсон.
Тэрээр Өөрийнх нь дотор хоргодогсдод бамбай юм.
6Түүний үгэн дээр бүү нэм.
Тэгвээс Тэр чамайг буруутгаж, чи худалч болох вий.
7Хоёр зүйлийг би Танаас гуйж байна.
Намайг амьд сэрүүн байх зуур надад бүү татгалзаарай.
8Заль мэх болон худлыг надаас хол байлгаач.
Намайг хоосон ядуу ч бус, баян тарган ч бус байлгаач.
Надад оногдох хувь болох хүнсийг өгч хайрлаач.
9Учир нь би оногдох ёстойгоосоо илүүг хүртэж,
“ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд,
Танаас няцаж буцахгүй байхын тулд,
Эсвэл ядууран, хулгай хийж,
Бурханыхаа нэрийг бузарлахгүй байхын тулд билээ.
10Эзнийх нь нүүрэн дээр зарцыг нь бүү гүтгэ.
Тэгвээс эзэн нь чамайг хараан зүхэж, чи буруутан болох вий.
11Эцгийгээ зүхэж, эхийгээ үл ерөөдөг хүмүүс байдаг.
12Өөрийнхөө нүдэнд цэвэр хэмээдэг атлаа
Хир буртгаасаа цэвэрлэгдээгүй хүмүүс ч бас бий.
13Басамжилсан нүдтэй ба дээгүүр харцтай ч нэгэн бий.
14Газар дээрээс зовж шаналагсдыг,
Хүмүүсийн дундаас ядуусыг залгихаар шүд нь илд шиг агаад
Эрүүнүүдэд нь хутга шиг шүдтэй хүн ч бий.
15Шуналын тулам хоёр охинтой бөгөөд
Тэд байнга л “Өг, Өг” гэцгээдэг.
Ханаж цаддаггүй гурван зүйл
“Одоо боллоо” гэж хэлдэггүй дөрөв дэх зүйл бий.
16Эдгээр нь
Үхэгсдийн орон,
Үр хүүхэдгүй хэвлий,
Ус ууж ханадаггүй газар хийгээд
“Одоо болсон” хэмээн хэлдэггүй гал зэрэг юм.
17Эцгийгээ басамжилж,
Эхдээ зэвүүцэгчийн нүдийг хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.
18Миний хувьд ухааршгүй гайхамшигтай гурван зүйл байна.
Дөрөв дэхийг нь бүр ч ойлгохгүй юм.
19Эдгээр нь
Тэнгэрт халин нисэх бүргэдийн зам,
Хадан дээгүүр мурилзах могойн зам,
Тэнгисийн дунд хөвөх хөлөг онгоцны зам,
Бүсгүй хүнтэй ханилсан эрийн хувь тавилан болой.
20Садар самуун эмийн зам нь гэвээс тэр идэж,
Амаа арчаад “Би ямар ч буруугүй” гэдэг.
21Гурван зүйлийн дор дэлхий чичирч,
Дөрөв дэхийг нь даадаггүй.
22Эдгээр нь
Хаан ширээнд заларсан зарц,
Хоолоор хангалуун мунхаг,
23Хайр сэтгэлгүйгээр нөхөрт гарсан ба
Эзэгтэйнхээ оронд эзэгтэй болох шивэгчин зэрэг ажгуу.
24Дэлхий дээр өчүүхэн атлаа үнэнхүү мэргэн дөрвөн зүйл бий.
25Шоргоолж бол том амьтан биш ч гэсэн зуны турш хоол хүнсээ базаана.
26Дорго бол хүчтэй амьтан биш ч гэсэн хад чулуун дотор үүрээ засна.
27Царцаанд хаан байхгүй ч тэд бүгд дэг журамтай.
28Гүрвэлийг гараараа барьж чадах ч тэр нь хааны ордонд байх ажээ.
29Алхах гишгэхдээ сүрлэг гурав буюу бүр дөрөв бий.
30Хэний ч өмнөөс ухардаггүй араатны дунд хүчирхэг арслан,
31Азарган тахиа, ухна ба дайчин баатруудтайгаа хамт буй хаан болой.
32Өөрийгөө өргөмжилж мунхаг зан гаргасан, эсвэл хорон мууг сэдсэн бол гараа аман дээрээ тавь.
33Сүүнээс цөцгий, дараа нь цөцгийн тос ялгардаг.
Хамар дундуур дэлсвээс цус гоожно.
Түүнчлэн уурандаа автах явдал эвдрэлцлийг бий болгодог.

Одоогоор Сонгогдсон:

СУРГААЛТ ҮГС 30: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү