СУРГААЛТ ҮГС 4

4
1Хөвгүүд минь, эцгийнхээ сургамжийг сонс.
Оюун ухаанаас суралцахын тулд анхааралтай байцгаа.
2Би та нарт эрүүл саруул сургаалыг заадаг.
Миний сургамжийг бүү орхигдуул.
3Би эцгийнхээ хүү, эхийнхээ энхрий ганц хүү нь байхад
4Эцэг маань надад сургаж,
“Бүх зүрх сэтгэлээрээ миний үгнээс зуурч ав.
Миний тушаалуудыг сахи. Тэгвэл амьдарна.
5Мэргэн ухаан болон оюун ухааныг олж ав.
Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март.
6Мэргэн ухааныг бүү огоор.
Тэр чамайг хамгаална.
Мэргэн ухааныг хайрла.
Тэр чамайг сэргийлнэ.
7Мэргэн ухааны эхлэл болбоос түүнийг олж авах,
Олж авсан бүхнээрээ ухааныг олж авах явдал болой.
8Мэргэн ухааныг үнэлж цэгнэ.
Тэр чамайг өргөмжилнө.
Хэрэв чи түүнийг тэврэх аваас тэр чамайг алдаршуулна.
9Мэргэн ухаан чиний тэргүүн дээр нигүүлслийн цэцгийн титэм тавина.
Тэр чамд гоо үзэсгэлэнгийн титмийг өргөн барина” гэж хэлсэн.
10Хүү минь, сонс.
Хэлж байгааг минь хүлээн ав.
Амьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно.
11Би чамайг мэргэн ухааны замаар хөтөллөө.
Би чамайг цэх шулуун жимээр дагуулж явсан.
12Чамайг алхах үед алхаа чинь саадгүй байна.
Хэрэв гүйх аваас чи бүдэрч унахгүй.
13Сургамжийг зууран барь.
Алдаж үл болно.
Мэргэн ухааныг хамгаал,
Учир нь тэр бол чиний амь мөн.
14Хар санаатнуудын жимд хөлөө бүү тавь.
Хорон муу хүмүүсийн замаар алхаж болохгүй.
15Түүнээс зайлсхий.
Түүгээр дайран гарах ч хэрэггүй.
Түүнээс эргэн, хажуугаар нь өнгөр.
16Учир нь тэд хорон мууг үйлдээгүй цагтаа нойрсож чаддаггүй юм.
Хэн нэгнийг бүдрүүлж унагаагүй цагт тэдний нойр нь хулждаг.
17Учир нь тэд хар санааны талхыг идэж,
Хүчирхийллийн дарснаас уудаг.
18Харин шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад,
Тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно.
19Хар санаатны зам нь харанхуй мэт буюу.
Тэд юунд бүдэрч байгаагаа ч үл мэднэ.
20Хүү минь, миний үгэнд анхаарлаа хандуул.
Үгсийг маань чих тавин сонс.
21Тэднийг хараанаасаа алдаж болохгүй.
Тэднийг өр зүрхэндээ хадгалж яв.
22Учир нь гэвэл миний үгс бол тэдгээрийг олсон нэгэнд амь бөгөөд
Тэр хүний бүх биед эрүүл мэнд юм.
23Юуны түрүүнд зүрхээ хамгаал.
Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм.
24Мэхлэгч амыг цааш тавь.
Заль мэхтэй үгсийг өөрөөсөө холдуул.
25Нүд чинь өмнө байгаагаа цэх хараг.
Харц чинь урагшаа эгц тусаг.
26Хөлийнхөө доорх замыг хар.
Тэгвэл бүх зам чинь дайвшгүй байх болно.
27Зүүн, баруун талын аль уруу нь ч бүү гуйв.
Хөлөө хорон муугаас зайлуулж яв.

Одоогоор Сонгогдсон:

СУРГААЛТ ҮГС 4: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү