СУРГААЛТ ҮГС 7

7
1Хүү минь, үгийг минь сахь.
Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв.
2Миний тушаалуудыг сахиж амьдар.
Миний сургаалыг нүдний цэцгий мэт сахигтун.
3Тэдгээрийг хуруунууддаа ороо.
Тэдгээрийг цээжнийхээ самбарт бич.
4Билиг ухаанд “Та бол миний эгч мөн” гэж хэлэгтүн.
Оюун ухааныг дотнынхоо анд болгогтун.
5Энэ нь завхай эм болон үгээрээ зусардах эмээс чамайг хамгаалахын тулд юм.
6Нэг удаа би гэрийнхээ цонхны сараалжаар гадагш хартал,
7Гэнэн томоогүй залуусын дунд байгаа нэгэн ухаан муутай залуу нүдэнд өртөв.
8Өнөөх залуу тэр эмэгтэйн гэрт ойр байдаг гудамжийг хөндлөн гарч, гэр уруу нь зүглэв.
9Ингэхдээ үдшийн бүрий ба оройн цагаар, шөнө дунд, харанхуйгаар ажээ.
10Эмэгтэй ч түүнийг угтан гарч ирлээ.
Янхан мэт хувцасласан ба зүрх нь зальхай байлаа.
11Тэр эмэгтэй дуу шуугиантай, тэрслүү нэгэн бөгөөд гэртээ үл тогтоно.
12Тэр эмэгтэй одоо гудамжинд болон олон хөлийн газарт,
Булан бүрийн ард отох аж.
13Тэр эм түүнийг тэврэн авч, үнсээд,
Ичгүүргүй нүүрээрээ түүнд,
14“Надад эвийн тахил бий.
Би өнөөдөр ам тангаргаа биелүүллээ.
15Тиймээс чамайг угтахаар, чиний дэргэд байхыг эрмэлзэн хүсэж,
Би гарч ирээд, чамтай учирлаа.
16Өнгө алагласан Египетийн маалинган даавуун бүтээлгүүдээр би ор дэрээ бүтээв.
17Би өөрийнхөө оронд мирр, алое, шанц зэрэг анхилуун үнэртэнгүүдийг цацав.
18Ирээч.
Өглөө хүртэл хайр дурлалаа бүрэн эдэлье.
19Учир нь миний нөхөр гэртээ байхгүй.
Тэр алс холын аянд мордсон.
20Нөхөр маань зоостой хүүдийг авч одов.
Тэргэл сар гарах өдөр л буцаж ирнэ” гэв.
21Тэр олон уран үгээрээ мөнөөх эрийг уруу татаж,
Зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив.
22Тэр даруй мөнөөх эр нядлагдах гэж буй шар мэт,
Урхинд орсон хандгай мэт эмэгтэйн араас дагав.
23Сумны зэв түүний элгийг нэвт сүлбэх хүртэл,
Урхинд орохоор яаран байгаа жигүүртэн мэт,
Тийнхүү үүнийг амиараа төлнө гэдгээ тэр эр эс мэднэ.
24Иймд хөвгүүд минь, намайг сонс.
Амнаас гарах үгэнд минь анхаарлаа хандуул.
25Зүрх сэтгэл чинь тэр эмийн зам уруу бүү эргэг.
Жим дээр нь бүү зогс.
26Учир нь түүнд шидэгдэж хаягдсан олон хохирогчид бий бөгөөд
Түүнд алуулсан хүмүүс нь бүгд тоо томшгүй ажээ.
27Түүний гэр Үхэгсдийн оронд хүрдэг агаад үхлийн танхимууд уруу уруудах зам аж.

Одоогоор Сонгогдсон:

СУРГААЛТ ҮГС 7: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү