ДУУЛАЛ 51
51
Найрал дууны удирдаачид. Давид Батшеба уруу орсны дараа эш үзүүлэгч Натан Түүн уруу ирсэн үеийн Давидын дуулал.
1Бурхан, Өөрийн хайр энэрлийнхээ дагуу намайг нигүүлсээч.
Өөрийн аугаа өршөөлийн дагуу миний алдаа зөрчлийг арилгаач.
2Гэм буруугаас минь намайг гүйцэд угааж,
Нүглээс минь намайг цэвэрлээч.
3Учир нь би алдаа зөрчлөө мэдэх бөгөөд
Миний нүгэл үргэлж миний өмнө байдаг.
4Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж,
Таны мэлмийд бузар мууг хийлээ.
Тиймээс Та айлдахдаа зөвтсөн бөгөөд
Шүүх үедээ гэм зэмгүй болой.
5Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд
Нүглийн дунд эх минь намайг олж тээсэн.
6Харагтун, сэтгэлийн гүнд үнэн байхыг Та хүсдэг бөгөөд
Миний дотор Та надад мэргэн ухааныг мэдүүлнэ.
7Намайг хиссопоор цэвэршүүлээч,
Тэгвэл би цэвэр болно.
Намайг угаагаач,
Тэгвэл би цаснаас цагаан болно.
8Надад баяр хөөр, баясгалангийн дууг сонсгооч.
Өөрийн яйруулсан ясыг Та баясгаач.
9Миний нүглээс нүүрээ буруулж,
Миний бүх гэм бурууг арилгаач.
10Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж,
Миний дотор зөв сүнсийг шинэчлээч.
11Өөрийн оршихуйгаас намайг бүү холдуулаач.
Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач.
12Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч,
Хүслэнт сүнсээр намайг тэтгээч.
13Тэгвэл би нүгэлтнүүдэд Таны замуудыг заах бөгөөд
Нүгэлтнүүд Тан уруу буцаж эргэх болно.
14Бурхан, миний авралын Бурхан,
Намайг цусны буруугаас авраач.
Тэгвэл хэл минь Таны зөв шударгыг баясгалантайгаар дуулна.
15ЭЗЭН, миний ам Таны магтаалыг тунхаглахын тулд
Миний уруулыг нээгээч.
16Учир нь Та тахилд баярладаггүй.
Тийм бишсэн бол би түүнийг өргөх байсан.
Та шатаалт тахилыг таалдаггүй.
17Бурханд өргөх тахил бол эмтэрсэн сүнс юм.
Бурхан, эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй.
18Өөрийн тааллаар Сионд сайныг үйлдээч.
Иерусалимын хэрмийг барьж босгооч.
19Тэгээд Та зөв шударга тахилууд,
Шатаалт тахил болон бүтэн шатаалт тахилд баярлана.
Тэгээд Таны тахилын ширээн дээр залуу бухнууд тахигдана.
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 51: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society