ДУУЛАЛ 89
89
Езра хүн Еданы маскил.
1Би ЭЗЭНий хайр энэрлийн тухай мөнхөд дуулна.
Бүх үеийнхэнд би Таны итгэлтэй байдлыг амаараа мэдүүлнэ.
2Учир нь би “Хайр энэрэл мөнхөд байгуулагдана.
Та Өөрийн итгэлтэй байдлыг тэнгэрүүд дээр тогтооно” гэв.
3“Би Өөрийн сонгосон нэгэнтэй гэрээ байгуулсан.
Би Өөрийн зарц Давидад тангарагласан,
4Би чиний үрийг мөнхөд тогтоож,
Чиний хаан ширээг бүх үеийнхэнд байгуулна”.
Села
5Өө, ЭЗЭН, тэнгэрүүд Таны гайхамшгуудыг магтана.
Мөн ариун хүмүүсийн чуулганд Таны итгэлтэй байдлыг ч магтана.
6Учир нь тэнгэрт хэнийг ЭЗЭНтэй харьцуулж болох вэ?
Чадалтнуудын хөвгүүдийн дундаас хэн нь ЭЗЭНтэй адил вэ?
7Тэр бол ариун хүмүүсийн чуулганд агуугаар эмээгдэх Бурхан,
Өөрийг нь тойрч буй бүхнээс илүү сүрдэм юм.
8Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, хэн Тантай адил вэ, хүчит ЭЗЭН?
Таны итгэлтэй байдал ч Таныг тойрон байдаг.
9Та далайн догшролтыг захирдаг.
Давалгаанууд нь босоход Та номхруулдаг.
10Та Өөрөө Рахабыг алагдсан хүн шиг бяц дарсан.
Та Өөрийн дайснуудыг хүчит мутраараа тараасан.
11Тэнгэрүүд бол Таных, газар ч бас Таных.
Ертөнц ба түүнийг бүрдүүлж буй бүхнийг Та байгуулсан.
12Өмнөд ба умардыг Та бүтээсэн.
Табор ба Хермон Таны нэрд баяртайгаар хашхирдаг.
13Та хүчит мутартай.
Таны гар хүчтэй, Таны баруун гар өргөмжлөгдсөн.
14Зөв шударга ба шударга ёс бол Таны сэнтийн суурь юм.
Хайр энэрэл ба үнэн Таны өмнө явдаг.
15Баярт дууг мэддэг ард түмэн юутай ерөөлтэй вэ!
Өө, ЭЗЭН, тэд Таны нүүр царайны гэрэлд алхдаг.
16Таны нэрд тэд өдөржин баярлаж,
Таны зөв шударгаар тэд өргөмжлөгддөг.
17Учир нь Та бол тэдний хүч чадлын алдар бөгөөд
Таны ивээлээр бидний эвэр өргөмжлөгдсөн байдаг.
18Учир нь бидний бамбай бол ЭЗЭНийх бөгөөд
Израилийн Ариун Нэгэн бол бидний Хаан.
19Нэг удаа Та Өөрийн ариун хүмүүст үзэгдэл дотор айлдаж,
“Би хүч чадалт нэгэнд тусламж өгсөн.
Би ард түмнээс шилж сонгосон нэгнийг өргөмжилсөн.
20Би Өөрийн зарц Давидыг олсон.
Өөрийн ариун тосоор Би түүнийг тосолсон.
21Миний гар түүнтэй хамт байж,
Миний мутар ч бас түүнийг хүчтэй болгоно.
22Дайсан түүнээс нэхэн шаардаж чадахгүй,
Хорон муугийн хүү ч түүнийг зовоож чадахгүй.
23Харин Би түүний өмнө өстнүүдийг нь бяцалж,
Түүнийг үзэн ядагчийг бут цохино.
24Миний итгэлтэй байдал ба Миний хайр энэрэл түүнтэй хамт байх бөгөөд
Миний нэр дээр түүний эвэр өргөмжлөгдөнө.
25Би бас түүний гарыг далай дээр,
Түүний баруун гарыг гол мөрөнгүүд дээр байлгана.
26Тэр Над уруу «Та бол миний Эцэг,
Миний Бурхан болон миний авралын хад» гэж хашхирна.
27Би мөн түүнийг ууган хүү,
Газар дэлхийн хаадаас хамгийн дээд хаан болгоно.
28Би Өөрийн хайр энэрлээ түүний төлөө мөнхөд хадгалж,
Өөрийн гэрээг ч түүнд батжуулна.
29Ингээд Би түүний үр удмыг мөнхөд тогтоож,
Түүний сэнтийг тэнгэрийн өдрүүд мэт болгоно.
30Хэрэв түүний хөвгүүд Миний хуулийг мартаж,
Миний шүүлтийн дагуу явахгүй бол,
31Хэрэв тэд Миний тогтоолуудыг зөрчиж,
Миний тушаалуудыг биелүүлэхгүй бол,
32Би тэдний алдаа зөрчлийг таягаараа,
Тэдний гэм бурууг саваагаар шийтгэнэ.
33Харин Би Өөрийн хайр энэрлийг түүнээс таслахгүй,
Итгэлгүйгээр ч үйлдэхгүй.
34Өөрийн гэрээг би зөрчихгүй,
Амнаас гарсан авиагаа өөрчлөхгүй.
35Би Өөрийн ариун байдлаар нэгэнтээ тангарагласан бөгөөд
Би Давидад худал хэлэхгүй.
36Түүний үр удам нь мөнхөд амьдарч,
Түүний сэнтий Миний өмнөх нар шиг байна.
37Тэр нь сар шиг мөнхөд байхаар тогтоогдох бөгөөд
Тэнгэрийн гэрч итгэмжит юм” гэв.
Села
38Харин Та хаян, татгалзаж,
Өөрийн тослогдогчийн эсрэг хилэнгээр дүүрэн байв.
39Та Өөрийн зарцын гэрээг хайхраагүй.
Та түүний титмийг шороонд бузарласан.
40Та түүний бүх ханыг эвдсэн.
Та түүний бат цайзуудыг сүйрүүлсэн.
41Замаар өнгөрөн явагч бүхэн түүнийг тоносон.
Тэр өөрийн хөршүүдэд буруутгагдсан.
42Та түүний өстнүүдийн баруун гарыг өргөмжилсөн.
Та бүх дайснуудыг нь баярлуулсан.
43Та бас илднийх нь ирийг мохоож,
Түүнийг тулалдаанд бат зогсож чадахгүй болгосон.
44Та түүний сүр жавхланг дуусган,
Түүний сэнтийг газарт хөмрөв.
45Та түүний залуу насны өдрүүдийг богиносгосон.
Та түүнийг ичгүүрээр нөмрүүлсэн.
Села
46Өө, ЭЗЭН, хэдий болтол вэ?
Та Өөрийгөө мөнхөд нуух уу?
Таны уур хилэн гал мэт шатах уу?
47Миний амьдралын хугацааг санаач.
Та хүний хөвгүүдийг юунд дэмий хоосон бүтээгээ вэ!
48Ямар хүн үхлийг үзэлгүй амьдарч чадах вэ?
Тэрээр өөрийн сэтгэлийг Үхэгсдийн орны эрхшээлээс аварч чадах уу?
Села
49Өө, Эзэн, итгэлтэй байдал дотроо Таны Давидад тангарагласан
Урьдын хайр энэрэл тань хаана байна вэ?
50Өө, Эзэн, Өөрийн зарц нарын доромжлолыг санаач.
Би өвөртөө бүх олон түмний доромжлолыг хэрхэн тээдгийг ч санаач.
51Өө, ЭЗЭН, тэдгээрээр Таны дайснууд доромжлон,
Тэдгээрээр тэд Таны тослогдогчийн алхам бүрийг доромжилсон.
52ЭЗЭН мөнхөд магтагдах болтугай!
Амен, Амен.
ДӨРӨВДҮГЭЭР НОМ
(Дуулал 90–106)
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 89: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society