ДУУЛАЛ 9
9
Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, Мут-лаббен дээр.
1Би бүх зүрхээрээ ЭЗЭНд талархах болно.
Би Таны бүх гайхамшгийг тунхаглана.
2Би баярлаж, Таны дотор баясна.
Хамгийн Дээд Нэгэн, би Таны нэрд магтаалыг дуулна.
3Миний дайснууд ухрахдаа
Таны өмнө бүдрэн унаж, сөнөдөг юм.
4Учир нь Та миний шударга заргыг дэмжсэн билээ.
Та зөв шударгаар шүүн сэнтийдээ заларсан билээ.
5Та үндэстнүүдийг зэмлэж,
Та хорон муу хүмүүсийг устгасан.
Та тэдний нэрийг үүрд мөнхөд үгүй болгосон.
6Дайсан үүрдийн сүйрлээр сүйрсэн бөгөөд
Та хотуудыг нураасан юм
Тэдний талаар дурсагдах ч юмгүй болсон билээ.
7Харин ЭЗЭН мөнхөд захиран сууж байдаг.
Тэрээр шүүхийн төлөө Өөрийн сэнтийг зэхсэн бөгөөд
8Тэр дэлхийг зөв шударгаар шүүх болно.
Тэрээр ард түмнүүдийг шулуун шударгаар шүүнэ.
9ЭЗЭН бас дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт,
Бэрх цагийн бэхлэлт болно.
10Таны нэрийг мэддэг хүмүүс Танд итгэлээ өгөх болно.
Учир нь Өөрийг тань эрэн хайгчдыг, ЭЗЭН, Та орхиогүй.
11Сионд оршин байгч ЭЗЭНд магтаалыг дуулагтун.
Түүний үйлсийг хүмүүсийн дунд зарлагтун.
12Цус урсгалтаар өшөө авагч Тэрээр тэднийг санадаг.
Тэрээр зовогсдын хашхирахыг мартдаггүй.
13ЭЗЭН, намайг өршөөгөөч.
Үхлийн дааман хаалганаас намайг босгодог Та
Намайг үзэн ядагчдаас ирдэг зовлон зүдгүүрийг минь хараач.
14Тэгвэл би Таны бүх магтаалыг зарлах бөгөөд
Сионы охины дааман хаалганд
Би Таны авралд баясна.
15Үндэстнүүд өөрсдийн ухсан нүхэнд унасан билээ.
Өөрсдийнх нь нуусан торонд тэдний хөл орсон билээ.
16ЭЗЭН Өөрийгөө мэдүүлж, шүүлтийг гүйцэлдүүлжээ.
Өөрийн гарын үйлдсэн үйлээр хорон муу хүн урхидуулжээ.
Хиггаион, Села
17Бурханыг мартдаг бүх үндэстэн буюу
Хорон муу хүмүүс Үхэгсдийн орон уруу буцна.
18Гачигдагсад үүрд мартагдахгүй,
Зовогсдын найдлага ч мөнхөд тасрахгүй.
19ЭЗЭН, босож, хүмүүнд ялалтыг бүү өгөөч.
Өөрийнхөө өмнө үндэстнүүдийг шүүлгээрэй.
20ЭЗЭН, тэднийг эмээлгээч.
Өөрсдийг нь зөвхөн хүн л юм гэдгийг үндэстнүүдэд мэдүүлээч.
Села
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 9: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society