ИЛЧЛЭЛТ 1

1
1Удахгүй болох ёстой юмсыг Өөрийн боолууддаа үзүүлэхийн тулд Бурханы Түүнд өгсөн Есүс Христийн илчлэлт. Тэр тэнгэр элчээ илгээж Өөрийн боол Иоханд үүнийг мэдүүлжээ. 2Иохан нь Бурханы үг болон Есүс Христийн гэрчлэлийг төдийгүй өөрийн үзсэн бүхнээ гэрчилсэн болой. 3Энэхүү эш үзүүллэгийн үгсийг уншигч болон сонсоод, үүнд бичигдсэн зүйлсийг сахигчид нь ерөөлтэй еэ! Учир нь цаг ойрхон байна.
4Иоханаас Ази дахь долоон чуулганд илгээв. Байгаа болон байсан, мөн хожим ирэх Түүнээс болон Түүний сэнтийн өмнө байх долоон сүнснээс, 5мөн итгэмжит гэрч ба үхэгсдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын захирагч Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай.
Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс минь чөлөөлж, 6биднийг хаанчлал болоод Бурхан ба Өөрийн Эцэгийн төлөөх тахилч нар болгосон Түүнд үеэс үед алдар хийгээд ноёрхол нь байх болтугай. Амен. 7Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр Түүнийг харна. Тэр байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно. Тийм ээ, Амен.
8Би бол байгаа болон байсан, мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега гэж Эзэн Бурхан айлдаж байна.
9Есүс доторх гай зовлон, хаанчлал, тэвчээрийг хамтран хуваалцагч ба ах дүү чинь болох Иохан би Бурханы үг болон Есүсийн гэрчлэлээс болж Патм хэмээх арал дээр байв. 10Эзэний өдөр би Сүнс дотор байсан бөгөөд ард маань бүрээн дуу мэт чанга дуу гарах нь сонсогдож,
11Чи юу харснаа хуйлмал номд бичиж Ефес, Смирна, Пергам, Туатейр, Сардей, Филаделфи, Лаодикт буй долоон чуулганд илгээ гэв.
12Надтай ярьж байсан дууг үзэхээр би эргэн хартал долоон алтан дэнлүүний суурийг харлаа. 13Дэнлүүний сууриудын дунд, хөлдөө хүрсэн урт дээл өмссөн, цээжээрээ алтан бүс бүсэлсэн Хүний Хүү шиг Нэгэн байлаа. 14Түүний толгой, үс нь цагаан ноос мэт, цас мэт цав цагаан бөгөөд нүд нь галын дөл мэт, 15хөл нь зууханд улайсгаад өнгөлсөн хүрэл мэт, дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. 16Тэр баруун мутартаа долоон од барьжээ. Түүний амнаас хоёр талдаа хурц иртэй илд цухуйх бөгөөд нүүр нь өөрийн хүчээр гэрэлтэх нар мэт байлаа.
17Би Түүнийг хармагцаа үхсэн хүн шиг хөлд нь уналаа. Тэр баруун мутраа над дээр тавьж
—Бүү ай. Би бол эхэн ба эцэс бөгөөд 18амьд Нэгэн мөн. Би үхсэн байсан. Харагтун, Би үеийн үед амьд байна. Надад үхэл ба Үхэгсдийн орны түлхүүр бий. 19Тиймээс чи юу харснаа, юу байгааг болон эдгээрийн дараа юу тохиолдохыг бичигтүн. 20Чиний харсан Миний баруун мутарт буй долоон од болоод долоон алтан дэнлүүний суурийн нууцын тухайд, долоон од нь долоон чуулганы тэнгэр элч нар бөгөөд долоон дэнлүүний суурь нь долоон чуулган юм.

Одоогоор Сонгогдсон:

ИЛЧЛЭЛТ 1: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү