ИЛЧЛЭЛТ 14
14
1Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа. 2Асар их усны чимээ, хүчит аянгын нүргээн шиг дуу тэнгэрээс сонсогдлоо. Миний сонссон дуу бол босоо ятгачид ятгаар тоглож буй эгшиг ая мэт байлаа. 3Тэд сэнтийн өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авагдсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч чадсангүй. 4Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурхан болон Хурганы төлөөх анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ. 5Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй. Тэд гэм зэмгүй.
6Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэр элч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байна. 7Тэр чанга дуугаар
—Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө гэлээ.
8Өөр нэгэн тэнгэр элч буюу хоёр дахь нь араас нь даган
—Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр нурлаа, нурлаа гэж байлаа.
9Өөр нэгэн тэнгэр элч буюу гурав дахь нь тэднийг даган, чанга дуугаар
—Хэрэв хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна, 10тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэр элч нарын ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна. 11Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авагч аливаа хүн өдөр ч, шөнө ч амрахгүй. 12Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна.
— 13“Одооноос эхлэн Эзэн дотор үхэгсэд нь ерөөлтэй еэ!” гэж бичигтүн гэх дуу тэнгэрээс гарахыг би сонсов. Сүнс
—Тийм ээ, тэд ажлаасаа салж амраг. Учир нь үйлс нь тэднийг дагадаг гэж айлддаг.
14Үзэгтүн, би нэгэн цагаан үүл харав. Тэргүүн дээрээ алтан титэмтэй, мутартаа хурц хадууртай, Хүний Хүүтэй адил нэгэн нь тэр үүлэн дээр заларч байлаа. 15Өөр нэгэн тэнгэр элч сүмээс гарч ирж, үүлэн дээр Залрагчид хандан
—Хадуураа илгээ. Дэлхийн тариа боловсорч, ургац хураах цаг болсон тул хадаж аваач гэж чанга дуугаар хашхирч байна. 16Үүлэн дээр Залрагч хадуураа дэлхий дээгүүр ширвэсэнд дэлхий хураагдсан байлаа.
17Тэнгэр дэх сүмээс өөр нэгэн тэнгэр элч гарч ирэв. Түүнд бас хурц хадуур байв. 18Галыг захирах хүчтэй өөр тэнгэр элч тахилын ширээнээс гарч ирээд, хурц хадууртай тэнгэр элчид хандан
—Хурц хадуураа илгээ. Үзэм нь боловсорсон тул дэлхийн усан үзмийн модноос үзмийн багцыг хураагаач гэж чанга дуугаар дуудан хэлэв. 19Тэнгэр элч хадуураа дэлхий уруу ширвэж, дэлхийн усан үзмийн багцыг хураагаад, тэдгээрийг Бурханы уур хилэнгийн агуу их шахуургад хаялаа. 20Шахуурга нь хотын гадна шахагдаж, шахуургаас цус гарч морины хазаарт хүрэм, мянга зургаан зуун стадиа газар урслаа.
Одоогоор Сонгогдсон:
ИЛЧЛЭЛТ 14: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society