ИЛЧЛЭЛТ 8
8
1Түүнийг долоо дахь лацыг эвдэхэд бараг хагас цаг тэнгэрт чив чимээгүй болов. 2Бурханы өмнө зогсох долоон тэнгэр элчийг би харав. Тэдэнд долоон бүрээ өгсөн байлаа.
3Алтан бойпор барьсан өөр нэгэн тэнгэр элч ирж, тахилын ширээний дэргэд зогсов. Түүнд их хэмжээний утлага өгөгджээ. Ингэснээр тэр тэнгэр элч түүнийг сэнтийн өмнө байсан тахилын алтан ширээн дээр бүх ариун хүний залбирлуудтай хамт өргөх ажээ. 4Утлагын утаа ариун хүмүүсийн залбирлуудын хамт тэнгэр элчийн гараас гарч Бурханы өмнө суунаглав. 5Тэгээд тэнгэр элч бойпорыг авч тахилын ширээний галаар дүүргээд, дэлхий уруу хаясанд, тэнгэрийн дуу, нижигнээн, аянгын гялбаа, газар хөдлөлт дагалдав.
6Долоон бүрээтэй долоон тэнгэр элч бүрээгээ татахад бэлтгэв.
7Эхнийх нь бүрээгээ таттал, цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатаж, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа.
8Хоёр дахь тэнгэр элч бүрээгээ таттал, галаар шатаж буй асар том уул мэт юм тэнгист хаягдав. Тэнгисийн гуравны нэг нь цус болж, 9тэнгис доторх амьтай амьтдын гуравны нэг нь үхэж, усан онгоцнуудын гуравны нэг нь сөнөв.
10Гурав дахь тэнгэр элч бүрээгээ таттал, бамбар мэт шатаж буй агуу том од тэнгэрээс унав. Тэр од гол мөрний гуравны нэг дээр болон усны эх булгууд дээр унажээ. 11Тэр одны нэрийг “Агь” гэдэг бөгөөд усны гуравны нэг нь агь болов. Ус гашуун болсон тул олон хүн уснаас болж үхэцгээлээ.
12Дөрөв дэх тэнгэр элч бүрээгээ таттал, нарны гуравны нэг, сарны гуравны нэг болон оддын гуравны нэг нь цохигдов. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлах бөгөөд өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнийнх ч мөн адил болох ажээ.
13Тэгээд би тэнгэрийн дундуур нисэж буй нэгэн бүргэдийг харлаа. Тэр “Бүрээ татах гурван тэнгэр элчийн үлдээд буй бүрээн дуу бий тул дэлхийд нутаглагсад золгүй еэ, золгүй еэ, золгүй еэ!” гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов.
Одоогоор Сонгогдсон:
ИЛЧЛЭЛТ 8: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society