РОМ 12
12
1Иймд ах дүү нар аа, өөрсдийн биеэ Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөхийг Бурханы өршөөлөөр та нараас хичээнгүйлэн гуйя. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. 2Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун.
3Учир нь надад өгөгдсөн нигүүлслээр би та нарын дунд буй хүн бүрд хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод. 4Нэг биед олон эрхтэн байдгийн адил, мөн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил, 5бид олуулаа Христ дотор нэг бие болой. Харин хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм. 6Бидэнд өгөгдсөн нигүүлслийн дагуу бид өөр өөр бэлгүүдтэй тул хэрэв эш үзүүлбэл, энэ нь тэр хүний итгэлийн дагуу аж. 7Хэрэв үйлчлэл бол тэр хүн үйлчлэлээ, сургаж байгаа бол сургаалаа, 8ятгадаг хүн бол ятгалга, өгч байгаа бол чин сэтгэлээр, тэргүүлж байгаа хүн бол хичээл зүтгэлээр, өршөөл үзүүлж байгаа бол баяртайгаар хийгтүн.
9Хайр нь хоёр нүүргүй байг. Бузар мууг жигш, сайнаас зуурч ав. 10Ах дүүсийн хайраар бие биеэ хайрла. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл. 11Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дотор шат. 12Найдвар дотор баярла, зовлон дотор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул, 13ариун хүмүүсийн хэрэгцээнд хандив өргө, зочломтгой бай. 14Та нарыг хавчигч хүмүүсийг ерөө. Ерөө, харин бүү хараа. 15Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл. 16Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө мэргэн бүү болго. 17Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай. 18Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун. 19Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн айлдав» гэж бичигджээ. 20«Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнийг хоолло. Хэрэв тэр цангасан бол түүнд уух юм өг. Учир нь чи ингэснээрээ түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг». 21Бузар муугаар бүү дийл, харин бузар мууг сайнаар дийлэгтүн.
Одоогоор Сонгогдсон:
РОМ 12: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society