РОМ 2
2
1Тиймээс шүүдэг хүн бүр ээ, танд шалтаг байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялладаг. Яагаад гэвэл шүүдэг та мөн л эдгээрийг үйлддэг шүү дээ. 2Харин ийм зүйлсийг үйлддэг хүмүүс дээр буух Бурханы шүүлт нь үнэний дагуу байдгийг бид мэднэ. 3Ийм зүйлсийг үйлддэг хүмүүсийг шүүдэг атлаа өөрөө мөн л тэдгээрийг үйлддэг хүн ээ, та Бурханы шүүлтээс мултарна гэж бодож байна уу? 4Эсвэл та Бурханы энэрэл өөрийг чинь гэмшүүлдэг гэдгийг мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжлах уу? 5Харин та өөрийн хатуу байдал, гэмшдэггүй зүрх сэтгэлээсээ болж уур хилэн ба Бурханы зөв шүүлтийн илчлэлтийн өдөр байх хилэгнэлийг өөр дээрээ хурааж байна. 6Бурхан хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө. 7Сайныг үйлдэхдээ тэвчээртэйгээр алдар, хүндэтгэл болон мөхөшгүй байдлыг хайдаг хүмүүст мөнх амь өгнө. 8Харин хувиа хичээгч, үнэнийг дагадаггүй, харин зөв бусыг дагадаг хүмүүст уур хилэн ба хилэгнэл буулгана. 9Бузар мууг үйлдэгч хүн бүрийн дээр цөхрөл, зовлон байх болно. Юуны түрүүнд энэ нь Иудей, мөн түүнчлэн Грек хүмүүст байна. 10Харин сайныг үйлдэгч хүн бүрд алдар, хүндэтгэл ба амар тайван нь байх болно. Юуны түрүүнд энэ нь Иудей мөн түүнчлэн Грек хүмүүст байна. 11Бурханд ялгаварлах үзэл байдаггүй. 12Хуульгүйгээр нүгэл үйлдсэн бүх хүн мөн Хуульгүйгээр мөхөх болно. Хуулийн дор нүгэл үйлдсэн бүх хүн Хуулиар шийтгэгдэх болно. 13Учир нь Хуулийг сонсогчид нь Бурханы өмнө зөв байх бус, харин Хуулийг биелүүлэгчид нь зөвтгөгдөх болно. 14Харь үндэстнүүд Хуульгүй боловч төрөлх байдлаараа Хуулийн зүйлсийг үйлдвэл, Хуульгүй боловч тэдгээр нь өөрсдөд нь хууль болдог. 15Хуулийн шаарддаг үйлс нь тэдний зүрх сэтгэлд бичигдсэнийг тэд харуулдаг. Тэдний мөс чанар ч хамт гэрчилж, тэдний бодол санаа ч нэг нэгнээ буруутгадаг, эсвэл өмгөөлдөг. 16Миний сайн мэдээний дагуу, энэ нь Бурхан хүмүүсийн нууц зүйлсийг Христ Есүсээр шүүх өдөрт болно.
17Хэрэв та Иудей хэмээх нэр зүүж, Хуульд найдан, Бурханаар сайрхдаг агаад 18Хуулиас заалгаснаар Түүний хүслийг мэдэн, онц сайн юмсыг таньдаг юм бол, 19мөн Хууль дотор мэдлэгийн болон үнэний цогцтой гээд, сохруудын газарч, харанхуйд байдаг хүмүүсийн гэрэл, 20мунхаг хүмүүсийн сургагч, балчир хүмүүсийн багш гэж өөртөө итгэлтэй байдаг юм бол, 21тэгвэл бусдад заагч та өөртөө заадаггүй юм уу? Хулгай бүү хий гэж номлодог та өөрөө хулгай хийдэг юм уу? 22Бүү завхайр гэж ярьдаг та өөрөө завхайрдаг юм уу? Шүтээнүүдийг жигшдэг та өөрөө сүмүүдийг тонодог юм уу? 23Хуулиар сайрхагч та өөрөө Хуулийг зөрчсөнөөрөө Бурханыг гутаадаг юм уу? 24Учир нь «Бурханы нэр та нараас болж харь үндэстнүүдийн дунд доромжлогддог» гэж бичигдсэн байдаг. 25Хэрэв та Хуулийг биелүүлбэл хөвч хөндөлт нь тустай ажээ. Харин та Хуулийг зөрчигч нь мөн бол таны хөвч хөндөлт чинь хөвч хөндөлт биш болдог. 26Тиймээс хэрэв хөвч хөндүүлээгүй хүн Хуулийн шаардлагуудыг сахивал тэр хүнийг хөвч хөндүүлээгүй бус, харин хөвч хөндүүлсэн гэж үзэх бус уу? 27Хөвч хөндөлтийг биедээ хийлгээгүй хүн хэрэв Хуулийг сахивал, Хуулийн үсэг болон хөвч хөндөлттэй атлаа Хуулийг зөрчигч таныг шүүх бус уу? 28Учир нь гаднах байдлаараа иудей нь иудей хүн биш бөгөөд махан биеийн гаднах хөвч хөндөлт нь ч хөвч хөндөлт биш. 29Харин доторх байдлаараа иудей нь иудей хүн мөн. Үсгээр бус, Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хөвч хөндөлт нь хөвч хөндөлт мөн. Тэр хүний магтаал нь хүнээс бус, харин Бурханаас ирдэг юм.
Одоогоор Сонгогдсон:
РОМ 2: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society