РОМ 7
7
1Ах дүү нар аа (хуулийг мэддэг хүмүүст би хэлж байна), хууль нь хүнийг амьд байхад л хүнийг захирдаг гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? 2Учир нь гэрлэсэн эмэгтэй нөхрийгөө амьд байх үед нь нөхөртэйгөө хуулиар холбогддог. Харин хэрэв нөхөр нь нас барвал тэр эмэгтэй нөхрийн талаарх хуулиас чөлөөлөгдөх аж. 3Тиймээс нөхрийгөө амьд байхад нь, тэр эмэгтэй өөр эртэй холбогдвол түүнийг завхай эм гэнэ. Харин хэрэв нөхөр нь нас барвал тэр эмэгтэй хуулиас чөлөөлөгдөнө. Ингэснээр тэрээр өөр эртэй холбогдсон ч тэр завхай эм биш юм. 4Тийм учраас ах дүү нар минь, та нар Христийн биеэр дамжуулан Хуульд үхсэн. Ингэснээр Бурханы төлөө бид үр жимс гаргахын тулд үхэгсдээс амилсан өөр Нэгэнтэй та нар холбогдох юм. 5Учир нь биднийг махан биеийн дотор байхад Хуулиар сэргээгдсэн нүгэлт хүсэл тачаалууд үхэлд хүргэх үр жимс ургуулахын тулд бидний эрхтнүүдэд ажиллаж байсан. 6Харин бид юугаар хүлэгдсэн, түүндээ үхэн эдүгээ бид Хуулиас чөлөөлөгдсөн. Ингэснээр бид үсгийн хуучрал дотор биш, харин Сүнсний шинэлэг байдал дотор үйлчилдэг.
7Тэгвэл бид юу ярих вэ? Хууль нь нүгэл үү? Бүү ийм байх болтугай! Гэхдээ Хуулиар биш бол би нүглийг мэдэхгүй байх байсан. Учир нь хэрэв Хууль «Бүү шунахайр» гэж хэлээгүй байсан бол би шунахайрлыг мэдэхгүй байх байсан. 8Харин нүгэл тушаалаар шалтаглаж миний дотор зүсэн бүрийн шунахайрлыг төрүүлсэн. Учир нь Хуулиас ангид бол нүгэл нь үхмэл юм. 9Нэгэн цагт би Хуульгүйгээр амьдарч байв. Харин тушаал ирснээр нүгэл амьдарч, би үхсэн. 10Аминд хүргэх байсан энэхүү тушаал нь үхэлд хүргэдгийг би мэдэв. 11Учир нь нүгэл тушаалаар шалтаглаж намайг мэхэлсэн бөгөөд намайг тушаалаар алсан. 12Тиймээс Хууль бол ариун бөгөөд тушаал ч ариун, зөвт бөгөөд сайн юм. 13Тиймд юу нь сайн, тэр нь надад үхлийн шалтгаан болсон уу? Бүү ийм байх болтугай! Харин юу нь сайн, түүгээр дамжуулан миний үхлийн шалтгаан болсноор нүгэл нь нүгэл гэж харагдахын тулд, тушаалаар дамжуулан нүгэл нь туйлын нүгэлт болохын тулд нүгэл нь үхэл болсон. 14Учир нь Хууль бол сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би махан биетэй бөгөөд нүглийн боолчлолд худалдагдсан. 15Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна. 16Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийдэг юм бол, Хуулийг сайн гэдгийг өөрөө зөвшөөрч буй юм. 17Харин эдүгээ цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг юм. 18Учир нь миний дотор буюу миний махан биед ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь хүсэл нь миний дотор байвч, харин сайныг хийх нь үгүй. 19Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. 20Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг. 21Ингээд сайныг үйлдэхийг хүсдэг миний дотор бузар муу нь байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ. 22Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг. 23Гэвч миний эрхтнүүдэд өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг өөрийн минь эрхтнүүдэд байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна. 24Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? 25Бидний Эзэн Есүс Христээр Бурханд талархал нь байх болтугай. Иймд нэг талаар би өөрийн оюун ухаанаар Бурханы хуульд үйлчилдэг боловч, нөгөө талаар би өөрийн махан биеэрээ нүглийн хуульд үйлчилдэг.
Одоогоор Сонгогдсон:
РОМ 7: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society