СОЛОМОНЫ ДУУН 1

1
1Соломоны дуунуудын дуун.
Сүйт бүсгүй
2Амныхаа үнсэлтээр тэр намайг үнсэг!
Учир нь чиний хайр дарснаас ч илүү.
3Чиний тос тааламжтай анхилуун үнэртэй бөгөөд
чиний нэр асгагдсан тос мэт тул
охид чамд дурлана.
4Өөр уруугаа намайг татаач, хамтдаа бид гүйцгээе!
Намайг хаан өөрийн танхимуудад авчрав.
Найзууд
—Бид чамаар бахдан, баярлаж,
Хайрыг чинь дарснаас илүү өргөмжилнө.
Тэдний чамайг хайрладаг нь зөв аж.
Сүйт бүсгүй
5Иерусалимын охид оо!
Би Кедарын майхнууд,
Соломоны хөшиг мэт хар боловч дур булаам сайхан.
6Бор хэмээн намайг бүү ширтээч.
Учир нь намайг нар түлсэн юм.
Эхийн минь хөвгүүд надад уурлаж,
намайг усан үзмийн талбайн арчлагч болгосон билээ.
Би өөрийн усан үзмийн талбайгаа арчилсангүй.
7Сэтгэлийн минь дурлалт чи, надад хэлээч.
Сүргээ чи хаана бэлчээж,
жин үдэд чи түүнийгээ хаана хэвтүүлнэ вэ?
Юунд би нөхдийн чинь сүргийн дэргэд гивлүүртэй эмэгтэйтэй адил байх ёстой билээ?
Болзоот залуу
8Хэрэв чи мэдэхгүй аваас, эмэгтэйчүүдийн дундах хамгийн үзэсгэлэнт гоо бүсгүй минь,
сүргийн мөрөөр урагш явж,
хоньчдын майхнуудын дэргэд өөрийн ишгүүдийг бэлчээ.
9Хонгор минь, чи наддаа фараоны тэрэгнүүдийн дундах гүүтэй минь адил болой.
10Унжлага зүүлттэй хацар чинь,
шүрэн зүүлттэй хүзүү чинь дур булаам энхрий.
Найзууд
11Чамд бид мөнгөн унжлагатай алтан зүүлтийг хийж өгнө.
Сүйт бүсгүй
12Хаантан ширээндээ залран байхад миний сүрчигний анхилуун үнэр ханхална.
13Хайрт минь наддаа бүх л шөнөжин хөхний минь хооронд байх миррэн багц билээ.
14Хайрт минь наддаа Енгедийн усан үзмийн талбайнууд дахь хенна цэцгийн хонгорцог билээ.
Болзоот залуу
15Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ,
Юутай үзэсгэлэнтэй вэ, чи!
Тагтаа мэт нүдтэй аж, чи!
Сүйт бүсгүй
16Хайрт минь, чи юутай үзэсгэлэн гоо агаад дур булаам бэ!
Үнэхээр буйдан маань торгон зүлэг аж.
17Байшингийн маань хөндлөвч хуш агаад
дээвэр маань агар мод бөлгөө.

Одоогоор Сонгогдсон:

СОЛОМОНЫ ДУУН 1: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү