2 ТИМОТ 2:7-19
2 ТИМОТ 2:7-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Миний юу хэлж буйг эргэцүүлэн бод. Учир нь Эзэн чамд алив бүхний дотор ойлголтыг өгнө. Миний сайн мэдээний дагуу, Давидын үр сад болох үхэгсдээс амилуулагдсан Есүс Христийг санаарай. Үүний төлөө би гэмт хэрэгтэн адил хүлэгдэж, зовлон эдэлж байгаа боловч Бурханы үг хүлэгдээгүй. Энэ шалтгааны улмаас Христ Есүс дотор авралыг мөнх алдрын хамт тэдэнд авахуулахын тулд сонгогдсон хүмүүсийн төлөө би бүгдийг тэвчинэ. Энэ бол итгэмжит үг мөн. Учир нь хэрэв бид Түүнтэй хамт үхсэн юм бол, Мөн Түүнтэй хамт амьд байх болно. Хэрэв бид тэвчвэл, Мөн Түүнтэй хамт хаанчлах болно. Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл, Мөн Тэр биднийг үгүйсгэх болно. Хэрэв бид итгэмжтэй байгаагүй бол, Тэр итгэмжит хэвээрээ байна. Учир нь Тэр Өөрийгөө үгүйсгэж чадахгүй. Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрэлд хүргэдэг хэрэггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы оршихуйд чи тэдэнд чухалчлан тушаа. Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн. Харин дэлхийн ба хоосон үг ярианаас зайлсхий. Учир нь тэдгээр нь улам бүр бурханлаг бус байдал уруу хөтөлдөг аж. Тэдний үг халдвар мэт тархдаг бөгөөд тэдний дунд Хуменай, Филет нар байна. Тэд үнэнээс төөрөн одож, амилалт нь аль хэдийн болж өнгөрсөн хэмээн ярьж, зарим хүмүүсийн итгэлийг бусниулж байна. Хэдий тийм боловч Бурханы бат суурь нь хэвээрээ байна. Энэ нь “Эзэн Өөрийн хүмүүсийг таньдаг”, “Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун” гэсэн тамгатай.
2 ТИМОТ 2:7-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Хэлж буйг минь эргэцүүлэн бод. Эзэн, чамд алив бүхэнд ойлголт өгнө. Сайнмэдээний дагуу, Давидын үр сад болох үхэгсдээс амилуулагдсан Есүс Христийг сана. Үүний төлөө би хэрэгтэн адил хүлэгдэн зовж байгаа ч Бурханы үг хүлэгдээгүй. Иймээс Христ Есүс доторх авралыг мөнх алдрын хамт авах сонгогдогсдын төлөө би бүгдийг тэвчинэ. Энэ бол итгэмжит үг. Хэрэв бид Түүнтэй хамт үхсэн бол Түүнтэй хамт мөн амьдарна. Хэрэв бид тэвчвэл Түүнтэй хамт мөн хаанчилна. Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл Тэр ч бас биднийг үгүйсгэнэ. Бид итгэмжгүй байлаа ч, Тэр итгэмжит хэвээр байна. Учир нь Тэр Өөрийгөө үгүйсгэж үл чадна. Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрүүлдэг ашиггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы өмнө тэдэнд анхааруул. Өөрийгөө ичих зүйлгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээ. Харин олиггүй хоосон ярианаас зайлсхий. Учир нь тэдгээр нь улам бүр итгэл сүсэггүйд хөтөлдөг. Тэдний үг хавдар тархах мэт бөгөөд дунд нь Хуменай, Филет нар байна. Тэд үнэнээс төөрч, амилал нь аль хэдийнээ болсон хэмээн заримынх нь итгэлийг бусниулж байна. Хэдий тийм ч Бурханы бат суурь нь хөдөлшгүй ба “Эзэн өөрийнхнийгөө мэддэг”, “Эзэний нэрийг дуудагч бүр зүй бусаас зайл” гэсэн тамгатай.