ҮЙЛС 2:14-47
ҮЙЛС 2:14-47 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин Петр бусад арван нэгийн хамт босож, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглан —Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Энэ нь та нарт тодорхой байг. Миний үгэнд анхаарлаа хандуул. Та нарын бодсончлон эдгээр хүмүүс согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдрийн гуравдугаар цаг болж байна. Энэ бол эш үзүүлэгч Иоелээр дамжуулан “Бурхан айлдаж байна. «Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж, Залуучууд чинь үзэгдэл үзэн, Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно. Тэр өдрүүдэд Би эр, эм гэлгүй Өөрийн боолуудын дээр Сүнсээ цутгах бөгөөд тэд эш үзүүлэх болно. Би дээд тэнгэрт гайхамшгуудыг өгч, Доод газарт тэмдгүүдийг үзүүлэх бөгөөд Энэ нь цус, гал, суунаглах утаа болой. Эзэний агуу цог жавхлант өдөр ирэхээс өмнө Нар харанхуйлж, сар цус шиг улаан болж хувирна. Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно»” гэж хэлэгдсэнчлэн болжээ. Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Бурхан Назарын Есүсээр дамжуулан та нарын дунд хүчит үйлс, гайхамшиг, тэмдгүүдийг бүтээж, энэ хүнийг та нарт үзүүлсэн. Та нар өөрсдөө ч мэднэ. Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон урьдаас тогтоосон төлөвлөгөөний дагуу тушаагдсан энэ Хүнийг та нар бурхангүй хүмүүсийн гараар загалмайд хадуулж, алсан. Гэтэл Бурхан үхлийн зовлонг эцэс болгон Түүнийг амилуулав. Учир нь Түүний хувьд үхлийн хүчинд автагдах нь боломжгүй юм. Давид Түүний тухай “Би Эзэнийг өмнөө үргэлж харж байсан. Тэр Миний баруун талд байдаг учир би чичирч дагжихгүй. Иймээс зүрх минь баярлаж, хэл минь баяссан. Махан бие минь найдвар дотор оршино. Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд орхихгүй, Өөрийнхөө ариун Нэгэнийг ялзралд хүргэхгүй. Та Надад амийн замыг мэдүүлж, Өөрийнхөө оршихуйд Намайг баяраар дүүргэнэ” гэсэн. Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдсан. Түүний булш өдгөөг хүртэл хадгалагдсаар байна. Тэр эш үзүүлэгч байсан учраас өөрт нь Бурхан андгайлсанчлан түүний удмаас нэгийг нь түүний хаан ширээнд залахыг мэдээд, Христийн амилалтыг угтан харж, “Тэр Үхэгсдийн оронд орхигдсонгүй, Түүний махан бие ялзралыг ч үзсэнгүй” гэжээ. Энэ Есүсийг Бурхан амилуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрч нар мөн. Тиймээс Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, Тэр та нарын үзэж, сонсоцгоож байгааг цутгасан юм. Учир нь тэнгэрт гарсан нь Давид биш бөгөөд тэр өөрөө “Эзэн миний Эзэнд айлдруун «Миний баруун гарт залар. Ингэхдээ дайсныг чинь Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл болой» хэмээв” гэсэн юм. Тиймээс Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн, бас Христ болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв. Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд, Петр болон бусад элч нараас —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асууцгаав. Петр тэдэнд —Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв. Тэр өөр олон үгээр гэрчлэн —Энэхүү завхруулагч үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. Ийнхүү түүний үгийг хүлээн авсан хүмүүс баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ. Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа. Хүн бүрд айдас байлаа. Элч нар [Иерусалимд] олон гайхамшиг, тэмдгийг үзүүлж байв.[Бүгдийн дээр үлэмжийн айдас байлаа] Итгэсэн бүгд хамтаараа байцгаан, байгаа бүхнээ нийтээрээ хэрэглэж байв. Тэд эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, түүнийгээ хүн бүрийн хэрэгцээг харгалзан бүгдэд түгээдэг байлаа. Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээсээ хооллоцгоон Бурханыг магтаж, бүх ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.
ҮЙЛС 2:14-47 Ариун Библи 2013 (АБ2013)
Харин Петр арван нэгийн хамт босоод, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглаж —Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Үүнийг та нар мэдтүгэй, үгийг минь сонордтугай. Та нарын бодсончлон эд согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдрийн гуравдугаар цаг болж байна. Энэ нь эш үзүүлэгч Иоелээр дамжуулан, “Бурхан айлдахдаа «Эцсийн өдрүүдэд Би Сүнсээ Бүх махбод дээр цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж, Залуус чинь үзэгдэл үзэн, Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно. Эр, эм гэлгүй боолуудынхаа дээр Тэр өдрүүдэд Би Сүнсээ цутгана. Тэд эш үзүүлэх болно. Би дээр тэнгэрт совин ёр Доор газарт тэмдгүүдийг өгнө. Энэ нь цус, гал, суунаглах утаа билээ. Эзэний агуу, цог жавхлант өдөр ирэхийн өмнө Нар харанхуйлж, сар цус мэт болно. Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно» хэмээв” гэснээр болжээ. Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Та нарын мэдсэнчлэн, Бурхан та нарын дунд Түүгээр үйлдсэн хүчирхэг үйлс, гайхамшиг болон тэмдгүүдээрээ Бурханаас та нарт илэрхийлсэн Хүн нь Назарын Есүс бөгөөд тогтоосон шийдвэр ба урьдаас Бурханы мэдсэний дагуу тушаагдсан Түүнийг та нар хуульгүйчүүдийн гараар хадаж алсан. Тэрээр үхэлд автсаар байх боломжгүй тул Бурхан үхлийн шаналлыг устгаж, Түүнийг амилуулав. Давид Түүний тухай “Эзэн өмнө минь үргэлж байгааг Би харсан. Тэр миний баруун талд байдаг учраас Би ганхахгүй. Тиймээс зүрх минь баярлаж, хэл минь баяслаа. Махбод минь ч найдвар дотор оршино. Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд орхихгүй, Ариун Нэгэндээ ялзралыг үзүүлэхгүй. Өөрт минь Та амийн замыг мэдүүлж, Өөрийнхөө оршихуйгаар надад баяр хөөрийг дүүргэнэ” гэсэн байдаг. Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдаад, булш нь өдгөөг хүртэл бидний дунд байна. Тэр эш үзүүлэгч байсан учраас түүнд Бурхан андгайлсанчлан өөрийнх нь үрээс сэнтийд нь залахыг мэдээд, Христийн амиллыг угтан харж, “Тэр Үхэгсдийн оронд орхигдсонгүй, махбод нь ч ялзралыг үзсэнгүй” гэжээ. Энэ Есүсийг Бурхан амилуулсан, бид бүгд үүний гэрч нар мөн. Тиймээс Тэр Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, та нарын үзэж, сонсож байгааг цутгасан юм. Учир нь тэнгэрт гарсан нь Давид биш бөгөөд тэр өөрөө “Эзэн миний Эзэнд айлдахдаа «Миний баруун гарт залрагтун. Би дайснуудыг чинь Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл залрагтун» хэмээв” гэсэн юм. Бурхан тиймээс та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн ч, Христ ч болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв. Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нарт —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэв. Петр тэдэнд —Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад байх бүгдийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв. Тэр өөр олон үгээр гэрчлэн —Энэхүү гажууд үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. Ийнхүү түүний үгийг хүлээн авагсад баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ. Тэд, элч нарын сургаалд мөн нөхөрлөлд, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа. Хүн бүрд айдас байлаа. Учир нь элч нараар [Иерусалимд] олон гайхамшиг, тэмдэг үйлдэгдэж байв. Итгэсэн бүгд хамтаараа байцгаан, бүх юм нь нийтийнх байв. Хэн нэгэнд хэрэгцээ гарах үед эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, түүнийгээ бүгдэд тэд түгээдэг байлаа. Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон, Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.