ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 5:1-23
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 5:1-23 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үүний дараа Мосе, Аарон нар Фараонд очиж —Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад баярын ёслол үйлдэг” гэж хэлэв. Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод, Израилийг явуул гэсэн Түүний үгийг би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв. Тэд —Еврейчүүдийн Бурхан бидэнтэй уулзсан. Цөл уруу гурван өдрийн аянд биднийг явуулаач. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд тахил өргөе. Эс тэгвэл Тэр бидэн дээр тахал болон сэлэмтэй бууна гэцгээв. Харин Египетийн хаан тэдэнд —Мосе, Аарон нар аа! Та нар юунд ард түмнийг ажлаас нь хөндийрүүлнэ вэ? Явж өөрсдийнхөө ажлыг хий гэв. Фараон —Хар, энэ газрын ард түмэн эдүгээ маш олон. Та нар тэдний ажлыг зогсоож байна гэж бас хэлэв. Ингээд тэр өдөр Фараон ард түмний дээр буй ажлын дарга нар болон харгалзагчдад зарлиг буулгаж, — Та нар ард түмэнд тоосго хийхэд нь зориулж урьдынх шигээ сүрэл өгдгөө цаашид боль. Тэд явж, өөрсдөдөө сүрэл хурааг. Харин тэдний урьд хийж байсан тоосгыг тэр тоогоор нь хийлгэ. Та нар тоог нь бүү хас. Тэд залхуу учир “Биднийг явуулаач. Өөрсдийн Бурханд тахил өргөе” гэж хашхирч байна. Тэдний ажлыг бүр хүнд болговол тэд түүнийгээ хийж, худал үгсийг анхаарахаа болино гэв. Ингээд ард түмний ажлын дарга нар ба харгалзагчид гарч ирэн, ард түмэнд —Фараон ингэж хэллээ. “Би та нарт сүрэл өгөхгүй. Та нар явж, олдох газраас нь өөрсдөдөө сүрэл түүцгээ. Харин та нарын ажлаас огтхон ч хасахгүй” гэв. Ард түмэн сүрлийн оронд тарианы ёзоор түүхийн тулд Египетийн бүх нутгаар тархав. Ажлын дарга нар тэднийг шавдуулж, —Та нарт сүрэл байсан үе шиг өдрийнхөө ногдсон ажлыг өдөрт нь гүйцэтгэ гэв. Израилийн хөвгүүдийн харгалзагчид зодуулж —Та нар өчигдөр, өнөөдөр яагаад урьдын адил тоогоор тоосго хийж гүйцэтгээгүй вэ? гэж асуугдав. Тэднийг Фараоны ажлын дарга нар томилсон ажээ. Израилийн хөвгүүдийн харгалзагчид явж, Фараонд —Та яагаад өөрийнхөө боолуудад ингэж хандана вэ? Таны боолуудад ямар ч сүрэл өгөхгүй атлаа “Тоосго хий” гэж тэд хэлж байна. Үзэгтүн, таны боолууд зодуулж байгаад таны ард түмэн буруутай гэж гомдол мэдүүлэв. Харин тэр —Та нар залхуу, залхуу байна. Тиймээс та нар “Биднийг явуулаач. ЭЗЭНд тахил өргөе” гэцгээж байна. Тиймээс одоо явж ажиллацгаа. Та нарт сүрэл өгөхгүй боловч та нар тогтоосон хэмжээгээр тоосго хийх ёстой гэж хэлэв. “Та нар өдөр бүрийн тоосгыг огтхон ч хасах ёсгүй” гэснийг Израилийн хөвгүүдийн харгалзагчид сонсоод, өөрсдөд нь уй гашуу учирсныг мэдэв. Тэд Фараоныхаас гарч ирээд, тэднийг хүлээн зогсож байсан Мосе, Аарон нартай тааралдав. Тэд Мосе, Аарон нарт —Та нар Фараон болон түүний зарц нарын нүдэнд биднийг жигшүүрт зүйл болгон, биднийг алуулах гэж тэдний гарт сэлэм өгч байгаа тул ЭЗЭН та нарыг хараад шүүх болтугай! гэж хэлэв. Мосе ЭЗЭНд буцан ирж, —Өө, Эзэн, Та яагаад энэ ард түмнийг ийм гайд учруулсан бэ? Та юунд намайг явуулсан юм бэ? Би Таны нэрээр ярихаар Фараон уруу ирсэн тэр цагаас хойш энэ ард түмэнд тэр их гай тарив. Та Өөрийнхөө ард түмнийг огтхон ч аварсангүй гэж өгүүлэв.
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 5:1-23 Ариун Библи 2013 (АБ2013)
Үүний дараа Мосе Аарон нар Фараонд очиж —Израилийн Бурхан ЭЗЭН “Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад баярын ёслол үйлдэг” гэж айлдаж байна гэж хэлэв. Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод Израилийг явуул гэсэн үгийг нь би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв. Тэд —Еврейчүүдийн Бурхан бидэнтэй уулзсан. Цөл уруу гурван өдрийн аянд биднийг явуулаач. Бид Бурхан ЭЗЭНдээ тахил өргөе. Эс тэгвэл Тэр бидэн дээр тахал болон сэлэмтэй бууна гэцгээв. Харин Египетийн хаан тэдэнд —Мосе Аарон нар аа! Та нар юунд ард түмнийг ажлаас нь хөндийрүүлнэ вэ? Явж ажилаа хий гэв. Фараон цааш нь —Харагтун, энэ газрын ард түмэн эдүгээ маш олон. Та нар тэдний ажлыг зогсоож байна гэж хэлэв. Ингээд тэр өдөр Фараон ард түмний дээр буй ажлын даамлууд хийгээд харгалзагчдад тушаал буулгаж — Та нар ард түмэнд тоосго хийхэд нь зориулж урьдынх шигээ сүрэл өгдгөө цаашид боль. Тэд өөрсдөө явж сүрэл хурааг. Харин тэдний урьд хийж байсан тоосгыг тэр тоогоор нь хийлгэ. Та нар тоог нь бүү хас. Тэд залхуу учир “Биднийг явуулаач. Бурхандаа тахил өргөе!” гэж хашхирч байна. Ажлыг нь бүр хүнд болговол тэд түүнийгээ хийж, дэмий үгсийг анхаарахаа болино гэв. Ингээд ард түмний ажлын даамлууд ба харгалзагчид гарч ирэн ард түмэнд —Фараон “Би та нарт сүрэл өгөхгүй. Та нар өөрсдөө явж, олдох газраас нь сүрэл түүцгээ. Харин ажлаас чинь огтхон ч хасахгүй” гэж хэллээ гэв. Ард түмэн сүрэлд зориулж тарианы ёзоор түүхээр Египетийн бүх нутгаар тархав. Ажлын даамлууд тэднийг шавдуулж —Та нарт сүрэл байсан үе шиг өдрийнхөө ногдсон ажлыг өдөрт нь гүйцэтгэ гэв. Фараоны ажлын даамлуудын томилсон Израилийн хөвгүүдийн харгалзагч нар зодуулж, —Та нар өчигдөр, өнөөдөр яагаад урьдын адил хэмжээгээр тоосго хийж гүйцээгээгүй вэ? гэж байцаалгав. Израилийн хөвгүүдийн харгалзагчид явж Фараонд —Та яагаад зарц нартаа ингэж хандана вэ? Зарц нартаа сүрэл өгөхгүй атлаа бидэнд “Тоосго хий” гэж хэлж байна. Хараач, таны зарц нар зодуулж байгаад ард түмэн чинь буруутай гэж хашхирав. Харин тэр —Та нар залхуу, залхуу байна. Тиймээс та нар “Биднийг явуулаач. ЭЗЭНд тахил өргөе” гэцгээж байна. Тиймээс одоо явж ажиллацгаа. Та нарт сүрэл өгөхгүй боловч та нар тогтоосон хэмжээгээр тоосго нийлүүлэх ёстой гэж хэлэв. “Та нар өдөр бүрийн тоосгыг огтхон ч хасах ёсгүй” гэснийг Израилийн хөвгүүдийн харгалзагчид сонсоод, өөрсдөд нь гай учирсныг мэдэв. Тэд Фараоныхаас гарч ирээд, тэднийг хүлээн зогсож байсан Мосе Аарон нартай тааралдав. Тэд Мосе Аарон нарт —Та нар Фараон ба албат нарынх нь нүдэнд биднийг жигшүүр болгож, биднийг алуулахаар тэдний гарт сэлэм өгч байгаа тул ЭЗЭН та нарыг хараад шүүх болтугай! гэж хэлэв. Мосе, ЭЗЭНд эргэж —Өө Эзэн, Та яагаад энэ ард түмнийг ийм гайд учруулав? Та юунд намайг явуулсан юм бэ? Би Таны нэрээр ярихаар Фараон уруу ирсэн тэр цагаас хойш энэ ард түмэнд тэрээр их гай тарив. Та ард түмнээ аврах юу ч хийсэнгүй гэж хэлэв.