ЭХЛЭЛ 1:27-31
ЭХЛЭЛ 1:27-31 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв. Бурхан тэднийг адислаж, тэдэнд —Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир хэмээн айлдав. Бурхан —Газар дэлхий дээрх үрт ургамал, үрт жимсний мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно. Газар дэлхий дээрх бүх зэрлэг араатан, огторгуйн бүх жигүүртэн шувууд, газраар мөлхөгч амьтай бүхэн, аливаа амьтдад ургамал ногоо бүгдийг хоол хүнс болгон өгнө хэмээв. Тэгээд тэр нь ёсоор болжээ. Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ. Үдэш болоод, өглөө болов. Тэр нь зургаа дахь өдөр болой.
ЭХЛЭЛ 1:27-31 Ариун Библи 2013 (АБ2013)
Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Бурхан тэднийг ерөөж —Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг! гэв. Бурхан —Үзэгтүн, газрын гадарга дээрх үрт өвс ногоо бүрийг, үрээ гөвдөг үр жимст мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно. Газар дэлхийн зэрлэг амьтан бүхэнд, огторгуйн шувуу бүхэнд, газраар мөлхөгч бүхэнд, амьтай амьсгалтай бүхэнд өвс ногоо бүгдийг хоол хүнс болгож өгье гэсэнд ёсоор болжээ. Өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод, өглөө болсон нь зургаа дахь өдөр.