ЭХЛЭЛ 8:1-22

ЭХЛЭЛ 8:1-22 Ариун Библи 2013 (АБ2013)

Бурхан, Ноа болон түүнтэй хамт бүхээгт байсан бүх амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ. Оёоргүй гүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт хаагдаж, тэнгэрээс орж байсан бороо зогслоо. Ус газар дэлхийгээс татран татарсаар зуун тавин хоног болоод багасжээ. Долдугаар сарын арван долооны өдөр бүхээг Арарат уулан дээр тогтов. Ус аравдугаар сар хүртэл татран татарсаар аравдугаар сарын нэгний өдөр уулсын оргил харагдах боллоо. Дөч хоногийн дараа Ноа бүхээгт хийсэн цонхоо нээж, нэгэн хэрээг гадагш гаргаж тавихад тэр хэрээ газар дэлхийг хуурай болтол нааш цааш ниссээр байлаа. Тэрээр газрын хөрснөөс ус татарсан эсэхийг мэдэхийн тулд бас нэгэн тагтааг гарган нисгэжээ. Гэтэл газрын гадарга бүхлээрээ устай байсан тул тэр тагтаа хөл тавих газар ололгүй, түүн дээр бүхээгтээ буцаж ирэв. Ноа гараа сунган түүнийг тосож аваад бүхээгтээ оруулжээ. Тэрээр бас нэг долоо хоног хүлээгээд нөгөөх тагтаагаа бүхээгнээс дахин гаргалаа. Тагтаа нь үдэш түүн дээр буцаж ирэхдээ амандаа чидун модны шинэхэн нахиа зуусан байжээ. Ингээд Ноа газрын ус татарсныг мэдэв. Тэгээд бас нэг долоо хоног хүлээгээд мөнөөх тагтааг гаргаж тавьсанд ахин түүн дээр эргэж ирсэнгүй. Зургаан зуун нэгэн оны эхэн сард буюу нэгдүгээр сарын нэгэнд газрын гадарга дээрх ус татарсан байв. Тэгээд Ноаг бүхээгнийхээ дээврийг сөхөн харахад газрын гадарга хэдийнэ хуурай болсон байлаа. Хоёрдугаар сард буюу уг сарын хорин долоонд газар хатсан байв. Бурхан, Ноад — Явагтун, эхнэр, хөвгүүд, бэрүүдээ аваад бүхээгнээс гар. Чи хамт байгаа бие махбодтой бүх амьтан буюу жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гарга. Эдгээр амьтад газар дэлхийг дүүргэн үржиг бас газар дэлхийд олшрог! гэв. Тэгээд Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдээ аваад гарч иржээ. Бүх араатан амьтан, бүх мөлхөгч, бүх жигүүртэн шувуу, газар дэлхий дээрх хөдөлгөөнтэй бүхэн овог овогоороо бүхээгнээс гарчээ. ЭЗЭНд зориулан Ноа тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв. Тэгэхэд ЭЗЭН тааламжит үнэрийг таашаан соёрхож, зүрхэндээ айлдахдаа —Би хүн төрөлтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Учир нь хүмүүний зүрхний санаархал бүр багаасаа л ёрын муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй. Газар дэлхий байсан цагт Тариа тарих ба ургац хураах, Хүйтэн ба халуун, Зун ба өвөл, Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 8 унших

ЭХЛЭЛ 8:1-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ. Газрын гүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт хаагдаж, тэнгэрээс орж байсан бороо зогслоо. Ус нь газар дэлхийгээс татран татарсаар зуун тавин хоног болоод багасжээ. Долдугаар сарын арван долооны өдөр онгоц Арарат уулан дээр тогтов. Ус аравдугаар сар хүртэл татран татарсаар аравдугаар сарын нэгний өдөр уулсын оргил харагдах боллоо. Дөч хоногийн дараа Ноа хөвөгч авдарт хийсэн гэгээвчээ нээн, нэгэн хэрээг гадагш гаргаж тавихад тэр хэрээ газар дэлхийг хуурай болтол нааш цааш ниссээр байжээ. Тэрээр газрын хөрснөөс ус татарсан эсэхийг мэдэхийн тулд бас нэгэн тагтааг гаргаж нисгэжээ. Гэтэл газрын гадарга бүхлээрээ устай байсан тул тэр тагтаа хөл тавих газар ололгүй түүн уруу хөвөгч авдартаа буцаж ирэв. Ноа гараа сунган, түүнийг тосож аваад, хөвөгч авдартаа оруулжээ. Тэрээр бас нэг долоо хоног хүлээгээд, нөгөөх тагтаагаа хөвөгч авдраас дахин гаргалаа. Тагтаа нь үдэш түүн дээр буцаж ирэхдээ амандаа чидун модны шинэхэн нахиа зуусан байжээ. Ингээд Ноа газрын ус татарсныг мэджээ. Тэгээд бас нэг долоо хоног хүлээгээд, мөнөөх тагтааг гаргаж тавьсанд ахин түүн уруу эргэж ирсэнгүй. Зургаан зуун нэг дэх жилийн нэгдүгээр сарын нэгний өдөр газрын гадарга дээрх ус татарсан байв. Тэгээд Ноаг хөвөгч авдрынхаа дээврийг аваад харахад газрын гадарга хэдийнэ хуурай болсон байлаа. Хоёрдугаар сарын хорин долооны өдөр газар хатсан байв. Бурхан Ноад — Чи эхнэр, хөвгүүд, бэрүүдээ аваад хөвөгч авдраасаа гар. Чи өөртэйгөө хамт байгаа бүх мах, цустай амьтан: жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гаргаж ирэгтүн. Ингэснээр тэдгээр амьтад газар дээр үржин олшрох болно! гэв. Тэгээд Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдээ аваад гарч иржээ. Бүх араатан амьтан, бүх мөлхөгч, бүх жигүүртэн шувуу, дэлхий дээрх хамаг хөдлөгчид төрөл төрлөөрөө хөвөгч авдраас гарчээ. Ноа ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад, тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв. Тэгэхэд ЭЗЭН тааламжит анхилуун үнэрийг таашаан соёрхож, дотроо айлдсан нь —Би хүн төрөлхтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Хүний зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй. Газар дэлхий байсан цагт Тариа тарих ба ургац хураах, Хүйтэн ба халуун, Зун ба өвөл, Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 8 унших