ЕВРЕЙ 10:19-39
ЕВРЕЙ 10:19-39 Ариун Библи 2013 (АБ2013)
Иймд ах дүү нар аа, бидэнд Есүсийн цусаар, махбод болох хөшгөөрөө дамжуулан Түүний нээсэн шинэ, амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул, мөн бидэнд Бурханы гэр дэх аугаа Тахилч байгаа тул хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё. Найдвараа хүлээн зөвшөөрснөө гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ. Хайр болон сайн үйлсийг бадраахын төлөө нэг нэгнээ анхаарч, хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүсийг үл дагаж, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусмаа бие биенээ улам илүү зоригжуулъя. Учир нь бид үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа зоргоороо нүгэл үйлдсээр байвал нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй. Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх л үлдэнэ. Мосегийн хуулийг үл хэрэгсэгч нь хоёр буюу гурван гэрчтэйгээр өршөөлгүй үхдэг. Тэгвэл Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна? Учир нь “Өшөө авалт нь Минийх. Хариуг нь Би өгнө” гээд, дахиж “Эзэн Өөрийн хүмүүсийг шүүнэ” гэж айлдсан Түүнийг бид мэднэ. Амьд Бурханы гарт орох нь аймшигтай хэрэг. Та нар урьдын өдрүүдээ, гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлонгийн үлэмж тэмцлийг тэвчсэнээ санагтун. Буруутгал болон цөхрөл дотор үзвэр болж, тийнхүү ад үзэгдэгсдийн хамсаатан болж байсан. Учир нь илүү сайн мөнхийн өмчтэйгөө та нар мэдэх тул хоригдогсдыг өрөвдөж, эд хөрөнгийг чинь дээрэмдэж тоноход ч баяр хөөртэй байсан. Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун. Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй. “Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ. Эс саатна. Харин зөвт хүн итгэлээр амьдарна. Хэрэв тэр ухрах аваас Сэтгэл минь түүнийг эс таална” гэжээ. Бид сүйрэл уруу ухрагсад бус харин итгэж, амийг хадгалагсад билээ.
ЕВРЕЙ 10:19-39 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иймд ах дүү нар аа, бидэнд Есүсийн цусаар, Өөрийн махан бие болох хөшгөөр дамжуулан Түүний нээсэн шинэ, амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул, мөн бидэнд Бурханы гэр дэх аугаа Тахилч байгаа тул бузар мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд өөрсдийн зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, үнэн зүрхээрээ ойртон очицгооё. Өөрсдийн найдварын хүлээн зөвшөөрлөө гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ. Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя. Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя. Хэрэв бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй. Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх нь үлдэнэ. Мосегийн Хуулийг үл хэрэгсэгч хүн хоёр буюу гурван гэрчийн гэрчлэлээр өршөөлгүй үхдэг. Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн үзээд нигүүлслийн Сүнсийг доромжилсон хүн хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна? Учир нь “Өшөө авалт нь Минийх. Хариуг нь Би өгнө” гээд, дахиж “Эзэн Өөрийн хүмүүсийг шүүнэ” гэж айлдсан Түүнийг бид мэднэ. Амьд Бурханы гарт орох нь аймшигтай хэрэг мөн. Та нар өнгөрсөн өдрүүдээ, гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлонгийн үлэмж зөрчлийг тэвчсэнээ санагтун. Буруутгал болон цөхрөл дотор нийтийн үзмэр болж, тийнхүү ад үзэгдсэн тэдгээр хүмүүсийн хамсаатан болж байсан. Учир нь илүү сайн мөнхийн өмч хөрөнгөтэйгөө та нар мэдэх тул хоригдогсдод энэрэнгүй хандаж, эд хөрөнгийг чинь булаан авахад ч баяр хөөртэй байсан. Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун. Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй. “Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ. Тэр саатахгүй. Харин Миний зөвт нэгэн итгэлээр амьдрах бөгөөд Хэрэв тэр ухрах аваас Миний сэтгэл түүнийг таалахгүй” гэжээ. Харин бид сүйрэл уруу ухралт хийдэг хүмүүс бус, харин итгэж, амийг хадгалдаг хүмүүс билээ.