ИОВ 1:6-22
ИОВ 1:6-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
Нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө ЭЗЭНий өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв. ЭЗЭН Сатанд —Чи хаанаас ирэв? гэхэд Сатан ЭЗЭНд хариулан, —Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилсээр ирлээ гэв. ЭЗЭН Сатанд —Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр ганц ч алга гэв. Тэгэхэд Сатан ЭЗЭНд хариулан, —Иов утга учиргүйгээр Бурханаас эмээдэг гэж үү? Та түүний дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын бүтээлийг ерөөж, түүний эд баялаг нутагт нь олширлоо. Харин одоо Өөрийн мутраа сунган, түүнд байгаа бүхэнд хүрээч. Тэрээр Таны нүүрэн дээр Таныг зайлшгүй хараах болно гэв. Тэгэхэд ЭЗЭН Сатанд —Үзэгтүн, түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна, чи түүнд гараа л бүү хүргэ гэжээ. Ингээд Сатан ЭЗЭНий оршихуйгаас зайлан оджээ. Түүний хөвгүүд ба охид өөрсдийн хамгийн том ахын гэрт идэцгээж, дарс ууцгааж байсан өдөр Иов уруу нэгэн элч ирж, —Үхрүүд газар хагалж, илжигнүүд ч хажууханд нь идээшилж байв. Савечууд довтолж, тэднийг булаан авчээ. Тэд бас зарц нарыг илдний ирээр хөнөөсөн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв. Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж, —Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг болон зарц нарыг чинь шатаан устгасан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв. Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж, —Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алсан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв. Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж, —Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн, дарс ууцгааж байтал, харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхсэн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв. Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан, газар унаж мөргөв. Тэрээр —Би эхийнхээ хэвлийнээс нүцгэн ирсэн, би тийшээ ч нүцгэн буцна. ЭЗЭН өгсөн, ЭЗЭН зайлуулан авлаа. ЭЗЭНий нэр алдаршиг гэв. Энэ бүхэн болж байхад Иов нүгэл хийсэнгүй, Бурханыг ч буруутгасангүй.
ИОВ 1:6-22 Ариун Библи 2013 (АБ2013)
Нэгэн өдөр тэнгэрлэг биес өөрсдийгөө ЭЗЭНий өмнө толилуулахаар ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв. ЭЗЭН, Сатанд —Чи хаанаас ирэв? гэхэд Сатан, ЭЗЭНд хариулан —Газар дэлхийгээр хэрэн хэсэж, түүгээр эргэж тойрлоо гэв. ЭЗЭН, Сатанд —Миний боол Иовыг анзаарав уу? Өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй гэв. Тэгэхэд Сатан, ЭЗЭНд хариулан —Иов шалтгаангүйгээр Бурханаас эмээдэг гэж үү? Та Өөрөө түүнийг хүрээлсэн бус уу? Мөн гэр орон, түүнд байгаа бүхнийг тал бүрээс нь Та хүрээлээгүй гэж үү? Та гар доорх үйлийг нь ерөөж, түүний эд хөрөнгө нутагт нь арвижлаа. Та одоо мутраа сунган түүнд байгаа бүхэнд хүргэх аваас тэр яах л бол. Таны нүүр уруу лав хараах биз гэв. Тэгэхэд ЭЗЭН, Сатанд —Тэгвэл харагтун, түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна. Гэхдээ гараа түүнд л бүү хүргэ гэжээ. Ингээд Сатан, ЭЗЭНий оршихуйгаас зайлан оджээ. Нэгэн өдөр түүний хөвгүүд, охид хамгийн том ахынхаа гэрт идэцгээж, дарс ууцгааж байтал Иов уруу нэгэн элч ирж —Үхрүүд газар хагалж, илжигнүүд хажууханд нь идээшилж байсан. Савечууд довтолж, тэднийг булаан авч бас зарц нарыг илдний ирээр хөнөөлөө. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг бас зарц нарыг залгив. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алав. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж —Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн дарс ууцгааж байтал, харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхэв. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв. Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан газар унаж мөргөхдөө: Нүцгэнээр би эхийнхээ хэвлийгээс ирсэн, Нүцгэнээрээ би тийшээ буцах болно. Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул ЭЗЭНий нэр алдаршиг гэв. Энэ бүхэнд Иов нүгэл үйлдсэнгүй, халагламаар юм Бурханд хийсэнгүй.