ЛЕВИТ 26:1-13

ЛЕВИТ 26:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Та нар өөрсдөдөө зориулан бөхийн мөргөх гэж нутагтаа шүтээнүүдийг хийх ёсгүй. Өөрсдөдөө хөрөг, эсвэл чулуун баганыг ч босголгүй, хэлбэрт чулууг ч бүү байрлуул. Учир нь Би бол ЭЗЭН та нарын Бурхан. Та нар Миний Амралтын өдрүүдийг сахиж, Миний ариун газрыг хүндэтгэ. Би бол ЭЗЭН. Хэрэв та нар Миний тогтоолууд дотор алхаж, Миний тушаалуудыг сахин, тэдгээрийг биелүүлбэл, Би та нарт цаг улиралд нь бороог өгөх болно. Ингэснээр газар нь үр шимээ өгч, талбайн модод нь жимслэх юм. Үнэхээр та нарын тариа цайруулалт чинь усан үзмийн хураалт хүртэл үргэлжилж, усан үзмийн хураалт чинь тариалалтын цагийг хүртэл үргэлжлэх болно. Ингэж та нар хүнсээ цадтал идэж, нутаг дээрээ аюулгүйгээр амьдрах болно. Бас та нарыг айлгах нэгэнгүй та нарыг хэвтүүлэхийн тулд Би нутагт чинь амар тайвныг соёрхох болно. Би мөн аюултай араатан амьтдыг нутгаас чинь үгүй болгох бөгөөд ямар ч илд нутгаар чинь дайран өнгөрөхгүй. Харин та нар дайснаа үлдэн хөөгтүн. Тэд та нарын өмнө илдэнд унаж, танай тав чинь зууг хөөж, танай зуу чинь арван мянгыг үлдэн хөөх бөгөөд дайснууд чинь та нарын өмнө илдэнд унах болно. Тийнхүү Би та нарын зүг эргэж, та нарыг өнөр өтгөн болгон, өсгөн үржүүлнэ. Би та нартай байгуулсан Өөрийн гэрээг баталгаажуулах болно. Та нар хуучин нөөцөө идэж, шинийг оруулахын тулд хуучныг зайчилна. Түүнээс гадна, Би та нарын дунд Өөрийн орших газрыг барьж Миний сэтгэл та нарыг үл жигшинэ. Би бас дунд чинь алхаж, та нарын Бурхан болох бөгөөд та нар Миний ард түмэн байх болно. Би бол та нарыг египетчүүдийн боол байлгахгүйн тулд, Египетийн нутгаас та нарыг гарган авчирсан ЭЗЭН, та нарын Бурхан. Би та нарын буулганы чинь модыг эвдэн, та нарыг цэх шулуун алхуулсан.

Хуваалцах
ЛЕВИТ 26 унших

ЛЕВИТ 26:1-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Та нар бөхийн мөргөх гэж шүтээн ба сийлмэл хөрөг бүү хий, чулуун багана ч бүү босго, нутагтаа хэлбэрт чулуу ч бүү байрлуул. Учир нь Би ЭЗЭН, та нарын Бурхан. Та нар Миний Амралтын өдрүүдийг сахиж, ариун газрыг минь хүндэтгэ. Би ЭЗЭН. Хэрэв та нар зарлигуудаар минь явж, тушаалуудыг минь сахин эдгээрийг биелүүлэх аваас Би та нарт бороо хурыг цагт нь өгөх бөгөөд газар үр шимээ, талын модод жимсээ гаргана. Тариа цайруулалт чинь усан үзмийн хураалт хүртэл мөн усан үзмийн хураалт чинь тариалалтын цаг хүртэл үргэлжлэх болно. Та нар хүнсээ цадтал идэж, нутаг дээрээ аюулгүй амьдарна. Би нутагт чинь амар тайвныг соёрхож, та нар хэвтэх бөгөөд хэн ч та нарыг цочирдуулахгүй. Би мөн аюулт араатнуудыг нутгаас чинь хөөн зайлуулах бөгөөд нутгаар чинь илд дайран өнгөрөхгүй. Харин та нар дайснаа элдэн хөөж тэд та нарын өмнө илдэнд унан, таван хүн чинь зууг элдэн хөөх ба зуун хүн чинь арван мянгыг элдэн хөөх бөгөөд дайснууд чинь та нарын өмнө илдэнд унах болно. Учир нь Би та нарын зүг нүүрээ харуулж, та нарыг үржүүлж, олшруулна. Би та нартай байгуулсан гэрээгээ батжуулах болно. Та нар хуучин нөөцөө идэж, шинийг оруулахын тулд хуучныг зайчилна. Би та нарын дунд орших газраа барьж, Миний сэтгэл та нарыг үл жигшинэ. Би та нарын дунд алхаж, Би та нарын Бурхан болно. Та нар Миний ард түмэн болно. Та нарыг Египет нутагт боол байлгахгүйн тулд тэндээс та нарыг гарган авчирсан Би ЭЗЭН, та нарын Бурхан. Би буулгыг чинь эвдэж, та нарыг цэх алхуулсан юм.

Хуваалцах
ЛЕВИТ 26 унших