ЛУК 20:1-47

ЛУК 20:1-47 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэрхүү өдрүүдийн нэгэнд Есүс сүм дотор хүмүүст сургаалаа зааж сайн мэдээг дэлгэрүүлэн байхад нь ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчид цугтаа Түүн уруу ирж, Түүнд —Та ямар эрх мэдлээр энэ бүхнийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгснийг бидэнд хэл? гэсэнд Тэр хариуд нь —Би мөн та нараас нэг зүйлийг асууя. Надад та нар хэл. Иоханы баптисм тэнгэрээс ирсэн үү, эсвэл хүмүүсээс ирсэн үү? гэв. Тэд өөр хоорондоо —Хэрэв бид “Тэнгэрээс” гэвэл, Тэр “Тэгээд та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ дээ. Харин бид “Хүмүүсээс” гэвэл, ард олон бүгд Иоханыг эш үзүүлэгч байсан хэмээн үздэг тул бидэн уруу чулуу шидэж ална шүү дээ гэж хэлэлцээд, тэд —Хаанаас ирснийг нь бид мэдэхгүй гэв. Тэгэхэд нь Есүс —Би ч гэсэн энэ бүхнийг ямар эрх мэдлээр үйлддэгээ та нарт хэлэхгүй гэжээ. Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэг байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар холын аянд гарчээ. Тэгээд ургац хураах цаг болоход тэр усан үзэм авчруулахаар тэдэн уруу боолоо явуулжээ. Гэтэл усан үзмийн тариаланчид түүнийг зодоод, гар хоосон буцаав. Тэр өөр боолоо явуулсанд, тэд бас л түүнийг зодож доромжлон гутаагаад, гар хоосон буцаажээ. Тэр гурав дахийг нь явуулахад, тэд боолыг нь зодож гэмтээгээд хөөн явуулжээ. Тэгээд усан үзмийн цэцэрлэгийн эзэн “Би яах вэ? Би өөрийн хайртай хүүгээ явуулъя. Тэд түүнийг минь хүндлэх байх” гэв. Харин усан үзмийн тариаланчид хүүг хараад, “Энэ чинь өв залгамжлагч байна. Түүнийг алчихъя. Хөрөнгө нь биднийх болно шүү дээ” гэж өөр хоорондоо зөвшилцөөд, тэд түүнийг усан үзмийн цэцэрлэгээс гарган хаяж, алжээ. Тэгвэл усан үзмийн цэцэрлэгийн эзэн тэднийг яах вэ? Тэр ирж, усан үзмийн тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн цэцэрлэгээ өөр хүмүүст өгөх болно гэжээ. Үүнийг сонссон хүмүүс —Тийм юм хэзээ ч бүү болог гэцгээхэд Есүс тэднийг хараад, —Тэгвэл “Барилгачдын голсон чулуу Булангийн тулгуур чулуу болов” гэж бичигдсэн нь ямар учиртай вэ? Тэр чулуун дээр унах хүн бүр хэдэн хэсэг хэмхрэх бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр хүнийг шороо мэт бутаргана гэж айлдав. Яг тэр үед хуулийн багш нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг завдсан ч, ард олноос айв. Учир нь Есүс сургаалт зүйрлэлийг тэдний эсрэг айлдсаныг тэд ойлгосон ажээ. Тэд Түүнийг ажиглан, зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн уруу явуулав. Ингэсэн нь Түүнийг үгэн дээр нь олзлон барьж захирагчийн эрх мэдэлд тушаах зорилготой байв. Тэд Түүнээс —Багш аа, Таныг зөв ярьж, сургадаг агаад хэнийг ч ялгалгүй, харин Бурханы замыг үнэнээр заадгийг тань бид мэднэ. Цезарьт татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуув. Гэвч Тэр тэдний заль мэхийг мэдэж, тэдэнд хандан — Надад денар үзүүлээч. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд —Цезарийнх гэжээ. Есүс тэдэнд —Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдав. Ийнхүү тэд Түүнийг ард олны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултанд нь гайхацгаан дуугаа хураав. (Амилалт гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Түүн уруу ирэв. Тэд Түүнээс асуун —Багш аа, “Хэрэв хэн нэгний чинь ах үхэхдээ, тэр нь эхнэртэй атлаа үр хүүхэдгүй байсан бол, дүү нь эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж Мосе бидэнд бичжээ. Тэгвэл ах дүү долоо байжээ. Ууган нь эхнэр авч, үр хүүхэдгүй үхжээ. Хоёр дахь нь, гурав дахь нь ч мөн түүнийг авчээ. Ингэсээр ах дүү долуулаа үр хүүхдээ үлдээлгүй үхжээ. Эцэст нь мөнөөх эмэгтэй ч мөн үхэв. Иймд амилалт дээр тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Юу гэвэл тэд долуулаа түүнийг эхнэрээ болгон авсан шүү дээ гэжээ. Есүс тэдэнд —Энэ үеийн хөвгүүд нь гэрлэж, охидоо хадамд гаргадаг. Харин тэрхүү үе хийгээд үхэгсдээс амилалтад хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс нь эхнэр ч авахгүй, нөхөрт ч гарахгүй. Тэд тэнгэр элч нартай адил тул цаашид үхэж чадахгүй бөгөөд амилалтын хөвгүүд тул Бурханы хөвгүүд юм. Харин Мосе шатаж буй бутны тухай хүүрнэлдээ Эзэнийг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэснээрээ үхэгсэд амилахыг харуулсан юм. Тиймээс Тэр үхэгсдийн Бурхан биш, харин амьдын Бурхан мөн. Учир нь Түүний хувьд бүгд амьд байдаг гэж айлдав. Хуулийн багш нарын зарим нь —Багш аа, Та сайн хэллээ гэв. Учир нь тэд Түүнээс юуны ч тухай дахиж асуухыг зүрхэлсэнгүй. Тэр тэдэнд —Христ бол Давидын Хүү мөн гэж тэд яагаад ярина вэ? Давид өөрөө Дуулал номд “Эзэн миний Эзэнд «Миний баруун гарт залрагтун. Ингэхдээ дайснуудыг чинь Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл болой» гэж айлдав” гэсэн. Давид Түүнийг “Эзэн” гэсэн юм бол, Тэр хэрхэн түүний хүү нь байж таарах билээ? гэв. Тийнхүү бүх ард олныг сонсож байх зуур Тэр шавь нартаа — Урт дээлтэй явах дуртай, зах зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, синагогт тэргүүн суудалд болоод найран дээр хойморт залрахыг дурлагч хуулийн багш нараас болгоомжлогтун. Тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэр орныг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Ийм хүмүүс үлэмжийн ял хүртэнэ гэв.

Хуваалцах
ЛУК 20 унших

ЛУК 20:1-47 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэрхүү өдрүүдийн нэгэнд Есүс сүм дотор хүмүүст сургаалаа зааж сайнмэдээ дэлгэрүүлж байхад нь ахлах тахилч нар, хуулийн багш нар ахлагчдын хамт Түүн дээр ирж, Түүнд —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа бидэнд хэл. Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэсэнд Тэр хариуд нь —Би мөн та нараас нэг зүйл асууя. Надад хэл. Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү? гэв. Тэд өөр хоорондоо хэлэлцэн —Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл, Тэр “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ. Харин бид “Хүмүүсээс” гэвэл, ард олон бүгд Иоханыг эш үзүүлэгч байсан гэж үздэг тул биднийг чулуугаар шиднэ шүү дээ гээд, тэд —Хаанаас ирснийг нь мэдэхгүй гэв. Тэгэхэд нь Есүс —Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй гэжээ. Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдсан нь —Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар явав гэнэ. Ургац хураах цаг болоход тэр усан үзэм авчруулахаар тариаланчид уруу боолоо явуулжээ. Гэтэл тариаланчид түүнийг зодоод, хоосон буцаав. Тэр өөр боолоо явуулсанд тэд бас л түүнийг зодож доромжлоод, хоосон буцаажээ. Тэр гурав дахийг нь явуулахад тэд боолыг нь зодож шархдуулаад хөөн явуулжээ. Тэгээд усан үзмийн талбайн эзэн “Би яах вэ? Би өөрийн хайртай хүүг явуулъя. Тэд түүнийг минь хүндлэх байх” гэв. Харин тариаланчид хүүг хараад, “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Түүнийг алчихвал өв хөрөнгө нь биднийх болно шүү дээ” гэж өөр хоорондоо эргэцүүлэн ярилцаад, тэд түүнийг усан үзмийн талбайгаас гарган хаяж, түүнийг алжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн тэднийг яах вэ? Тэр ирж, тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгөх болно гэжээ. Үүнийг сонссон хүмүүс —Тийм юм хэзээ ч бүү болог гэцгээхэд Есүс тэднийг хараад —Тэгвэл “Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болов” гэж бичигдсэн нь ямар учиртай вэ? Тэр чулуун дээр унах хүн бүр бутрах бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр няцарна гэж айлдав. Тэр цагт Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл айлдсаныг ойлгосон хуулийн багш нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг санаархсан ч ард олноос айв. Тэд Түүнийг ажиглан, Түүнийг үгэн дээр нь урхидан барьж, захирагчийн эрх мэдэлд тушаах зорилготой, зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн уруу явуулав. Тэд Түүнээс —Багш аа, Таныг зөв ярьж сургадаг агаад хэнийг ч үл ялгаварлан, харин Бурханы замыг үнэнээр заадгийг чинь бид мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуув. Гэвч Тэр тэдний заль мэхийг мэдэж, тэдэнд — Надад денар үзүүл. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд —Цезарийнх гэлээ. Есүс тэдэнд —Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдав. Ийнхүү тэд Түүнийг ард олны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултад гайхацгаан дуугүй болов. (Амилал гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Түүн дээр ирж асуун —Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь үр хүүхэдгүй үлдвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж бидэнд бичсэн. Ах дүү долоо байсан юм. Ууган нь эхнэр авч, үр хүүхэдгүй үхсэн. Хоёр дахь нь, гурав дахь нь ч мөн түүнийг авчээ. Ингэсээр ах дүү долуулаа үр хүүхэдгүй үхжээ. Эцэст нь мөнөөх эмэгтэй ч мөн үхэв. Иймд амилалд тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь тэр долоо бүгдээрээ түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд Есүс тэдэнд —Энэ үеийн хөвгүүд гэрлэдэг бас гэрлүүлдэг. Харин тэрхүү үе хийгээд үхэгсдээс амилалд хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс гэрлэхгүй бас гэрлүүлэхгүй. Тэд тэнгэрэлч нартай адил тул цаашид үхэх боломжгүй бөгөөд амиллын хөвгүүд тул Бурханы хөвгүүд юм. Харин Мосе шатаж буй бутны тухай хүүрнэлдээ Эзэнийг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэснээрээ үхэгсэд амилахыг харуулсан юм. Тиймээс Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан мөн. Түүний хувьд бүгд амьд байдаг гэж айлдав. Хуулийн багш нарын зарим нь —Багш аа, Та сайхан хэллээ гэв. Тэд Түүнээс юуны ч тухай дахин асууж зүрхэлсэнгүй. Тэр тэдэнд —Христ бол Давидын хүү гэж тэд яагаад ярина вэ? Давид өөрөө Дуулал номд “ЭЗЭН миний Эзэнд «Баруун талд минь залрагтун. Би дайснуудыг чинь Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл залрагтун» гэж айлдав” гэсэн. Давид Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол, Тэр яаж түүний хүү байх билээ? гэв. Ард олныг бүгдээр ийн сонсож байх зуурт Тэр шавь нартаа — Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт дээлтэй явж, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай. Мөн тэд синагогуудад тэргүүн суудалд, найран дээр хойморт залрах дуртай бөгөөд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэр орныг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эдгээр нь үлэмжийн ял хүртэнэ гэв.

Хуваалцах
ЛУК 20 унших