МАТАЙ 16:21-28

МАТАЙ 16:21-28 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс тэр цагаас эхлэн Иерусалим явахаа, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарын зүгээс их зовлон амсах, алуулах ба гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо шавь нартаа илэрхийлж эхлэв. Петр Түүнийг хажуу тийш аваачаад —Эзэн минь, Таныг Бурхан энэрэг. Ийм юм Танд хэзээ ч бүү тохиолдог гэж зэмлэж эхэлсэнд Тэр эргэж, Петрт —Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрүүлэл болж байна. Учир нь чи Бурханы юмсыг бус, харин хүмүүний юмсыг л бодож байна гэлээ. Тэгээд Есүс шавь нартаа —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно. Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх билээ? Хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнх шигээ алдраар ирж, хүн бүрд үйлийнх нь дагуу хариу өгөх бус уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь Хүний Хүүг хаанчлалдаа ирэхийг харах хүртэлээ үхлийг амсахгүй гэж айлдав.

Хуваалцах
МАТАЙ 16 унших

МАТАЙ 16:21-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэр цагаас эхлэн Есүс Христ шавь нартаа Өөрийн Иерусалим уруу явах, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо илэрхийлж эхлэв. Петр Түүнийг татаж —Эзэн минь, Таныг Бурхан өршөөг. Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй гэж зэмлэж эхэлсэнд, Тэр эргэж Петрт —Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэлээ. Тэгээд Есүс шавь нартаа —Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмайгаа үүрч, Намайг дагаг. Учир нь хэн өөрийнхөө амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ олно. Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд юугаа өгөх билээ? Учир нь Хүний Хүү тэнгэр элч нарын хамт Эцэгийнхээ алдрын дотор ирж, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө. Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсож байгаа хүмүүсээс зарим нь Хүний Хүүг хаанчлалынхаа дотор ирэхийг харах хүртэл үхлийг үл амсана гэж айлдав.

Хуваалцах
МАТАЙ 16 унших