МАТАЙ 26:36-56

МАТАЙ 26:36-56 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс тэдний хамт Гетсемани хэмээн нэрлэдэг газар ирж, шавь нартаа —Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гээд, Тэр Өөрийн хамт Петр болон Зебедеен хоёр хүүг авч явав. Тэр зовж, шаналж эхлэв. Тэгээд тэдэнд —Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэв. Тэр тэднээс жаахан цаашаа яваад, нүүрээрээ унаж, —Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог гэж залбирлаа. Тэгээд Тэр шавь нар уруугаа ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт —Та нар чинь Надтай хамт ганцхан цаг ч сэргэг байж чадахгүй улс уу? Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм гэв. Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран —Эцэг минь, хэрэв Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол, Таны хүсэл биелэг гэлээ. Есүс дахин ирж, тэдний унтаж байхыг харав. Тэдний нүд анилдаж байлаа. Тэр тэднийг дахин орхин холдон явж, өмнө хэлснийгээ хэлж, гурав дахь удаагаа залбирав. Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, —Та нар одоо хүртэл унтаж, амарсаар байна уу? Харагтун. Цаг ойртчихлоо. Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт орж байна. Бос, явцгаая. Харагтун. Намайг бариулагч ойртон ирлээ гэлээ. Түүнийг ийн ярьж байх зуур арван хоёрын нэг болох Иудас ахлагч тахилч нар болон олон түмний ахлагчдаас илд, шийдэмтэй бөөн хүмүүсийг дагуулан хүрч ирэв. Түүнээс урваж байсан нэгэн нь тэдэнд —Би хэнийг үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барь хэмээн битүү дохио өгчээ. Тэр даруй Есүс уруу очиж, —Амар байна уу, Рабби? гээд Түүнийг үнсэв. Есүс түүнд —Анд минь, чи яах гэж ирэв? гэлээ. Тэгээд тэд ирээд Есүсийг барьж аваад баривчлав. Есүстэй хамт байсан хүмүүсийн нэг нь гараа сунган илдээ сугалаад тэргүүн тахилчийн боолыг цохиж, чихийг нь тас цавчжээ. Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө. Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоохон Өөр уруугаа илгээхээр би Эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Тэгвэл энэ нь болох ёстой гэсэн Судар яаж биелэгдэх билээ? гэв. Тэр үед Есүс хурсан олонд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан илд, шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр сүмд байж сургаал заадаг байхад минь та нар Намайг бариагүй. Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар биелэгдэхийн тул болов гэв. Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав.

Хуваалцах
МАТАЙ 26 унших

МАТАЙ 26:36-56 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс тэдний хамт Гетсемани гэдэг газар ирж, шавь нартаа —Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гээд, Петрийг бас Зебедеен хоёр хүүг Тэр авч явав. Тэгээд зовж, шаналж эхлэв. Тэгээд тэдэнд —Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэжээ. Тэр жаахан цааш яваад, нүүрээрээ унаж —Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэж залбирлаа. Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт —Та нар Надтай ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу? Уруу татагдахгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм. Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран —Эцэг минь, Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол Таны хүсэл биелэг гэлээ. Дахин ирээд, тэдний нүд нь анилдсанаас унтсаныг харав. Тэр тэднийг дахин орхиж холдон яваад, гурав дахь удаагаа залбирч, нөгөө үгээ л хэлжээ. Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, —Та нар унтаж, амарсаар л байна уу? Харагтун, цаг нь айсуй. Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна. Бос, явцгаая. Харагтун, Намайг бариулагч айсуй гэлээ. Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, арван хоёрын нэг буюу Иудас нь ахлах тахилч нар болон ард олны ахлагчдын явуулсан илд шийдэмтэй бөөн хүний хамт хүрч ирэв. Түүнээс урвасан нэгэн тэдэнд —Хэнийг би үнсэнэ, Тэр мөн. Түүнийг барь хэмээн дохио өгсөн байлаа. Тэр даруй Есүс уруу очиж «Амар байна уу, Рабби» гээд Түүнийг үнсэв. Есүс түүнд —Анд минь, чи яах гэж ирэв? гэлээ. Тэгээд тэд ирж, Есүсийг гараараа зууран авч баривчлав. Үзэгтүн, Есүстэй хамт байгсдын нэг нь гар сунган илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ. Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хөнөөгдөнө. Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ? гэв. Тэр үед Есүс хурсан олонд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй. Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Бичвэр биелэгдэхийн тулд болов гэв. Тэгтэл шавь нар бүгд Түүнийг орхин зугтжээ.

Хуваалцах
МАТАЙ 26 унших