МАТАЙ 3:1-17
МАТАЙ 3:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр өдрүүдэд баптисм хүртээгч Иохан ирж, Иудейн цөлд сургаал айлдаж, — Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж байлаа. Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа «Цөлд хашхирагч нэгний дуу, “Эзэний замыг бэлтгэцгээ, Түүний замыг шулуун болгоцгоо” гэнэ» гэжээ. Иохан тэмээний ноосон дээл өмсөж, суран бүс бүсэлсэн байв. Хоол хүнс нь царцаа, зэрлэг зөгийн бал байсан аж. Тэгэхэд иерусалимынхан, бүх Иудей мөн Иордан хавийн бүх газар нутгийнхан түүн уруу ирж байлаа. Тэд нүглээ улайгаад, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв. Харин фарисайчууд болон садукайчуудаас олон хүн баптисм хүртэхээр ирж буйг тэр хараад, тэдэнд —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугт гэж хэн та нарт сануулсан юм бэ? Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимс гарга. “Абрахам бол бидний эцэг” гэж дотроо бүү бод. Би та нарт хэлье, Бурхан энэ чулуунуудыг ч Абрахамын хүүхдүүд болгож чадна. Моддын үндсэнд сүх хэдийн зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчуулан, галд хаягдах болно. Миний хувьд гэвэл, гэмшлийн чинь төлөө би та нарт усаар баптисм хүртээдэг. Харин миний араас Ирэгч надаас илүү хүчтэй бөгөөд Түүний шаахайг тайлах нь ч надад зохисгүй. Тэр та нарт Ариун Сүнсээр хийгээд галаар баптисм хүртээнэ. Түүний гарт нь шигшүүр байна. Тэр үтрэмээ гүйцэд цэвэрлээд, Өөрийн улаан буудайг саравчинд овоолж, харин хивэг хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв. Тэгээд Есүс Иоханаар баптисм хүртэхийн тулд Галилаас Иорданд түүн дээр ирэв. Харин Иохан —Би Танаар баптисм хүртэх учиртай байтал Та над уруу ирнэ үү? гээд, Түүнийг болиулахыг оролдтол, Есүс хариуд нь —Энэ удаад үүнийг зөвшөөр. Ингэснээрээ аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна гэж хэлэхэд тэр Түүнд зөвшөөрөв. Есүс баптисм хүртээд, голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа лугаа адил бууж, Түүн дээр ирэхийг тэр харав. Тэнгэрээс —Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог гэх дуу гарлаа.
МАТАЙ 3:1-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэр өдрүүдэд баптисч Иохан Иудейн цөлд гарч ирэн, тунхаглахдаа — Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж байлаа. Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа «Цөлд хашхирагч нэгний дуу нь “Эзэний замыг бэлтгэцгээ, Жимийг нь шулуун болгогтун” гэнэ» гэсэн байдаг. Иохан тэмээний хялгасан хувцас өмссөн агаад бүсэлхийдээ суран бүстэй аж. Түүний хоол хүнс нь царцаа, зэрлэг зөгийн бал байв. Тэгэхэд Иерусалим ба хамаг Иудей мөн Иордан хавийн бүх нутгийнхан түүн дээр очоод, нүглээ улайн, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв. Харин баптисм хүртэхээр фарисай ба садукайчууд олноороо ирж буйг тэр хараад, тэдэнд —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав? Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимсийг гарга. “Абрахам бидний эцэг” гэж дотроо бүү бод. Би та нарт хэлье, Бурхан энэ чулуунуудаас ч Абрахамд хүүхдүүд босгож чадна. Моддын үндсэнд сүх хэдийнээ зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно. Би та нарт гэмшлийн чинь төлөө усаар баптисм хүртээдэг. Харин Надаас илүү хүчирхэг Нэгэн миний араас ирж байна. Би Түүний шаахайг авч явах ч үнэ хүндгүй. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ. Тэр гартаа шигшигч сэрээтэй бөгөөд үтрэмээ гүйцэд цэвэрлээд, буудайгаа саравчинд овоолж, харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв. Тэгээд Иоханаар баптисм хүртэхийн тулд Галилаас Иорданд байгаа түүн дээр Есүс очив. Харин Иохан —Би Танаар баптисм хүртэх учиртай атал Та над дээр ирэх нь энэ үү? гээд Түүнийг болиулахыг оролдтол Есүс хариуд нь —Одоо ёсоор нь болго. Ингэснээрээ аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна гэж хэлэхэд тэр Түүнд зөвшөөрөв. Есүс баптисм хүртээд, голын уснаас даруй гарах үед, гэнэт тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа мэт бууж, Түүн дээр ирэхийг тэр харлаа. Тэнгэрээс —Үзэгтүн, хайрт Хүү минь энэ билээ. Таалал минь Түүнд оршдог гэх дуун гарлаа.