СУРГААЛТ ҮГС 14:1-18
СУРГААЛТ ҮГС 14:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
Мэргэн эмэгтэй орон гэрээ төвхнүүлдэг бол Мунхаг эмэгтэй өөрийн гараар орон гэрээ нураадаг. Цэх шулуунаар алхагч нэгэн ЭЗЭНээс эмээдэг. Харин замаасаа гажигч хүн Түүнийг жигшдэг. Мунхгийн аман дотор нуруун дундуур нь татах саваа бий. Харин мэргэн хүмүүсийн уруул өөрсдийг нь хамгаалдаг. Шар байхгүй газар тэжээлийн тэвш хоосон. Гэвч шарын хүчийг ашиглавал орлого нэмэгддэг. Итгэмжит гэрч худал ярихгүй. Харин хуурамч гэрч худал үгс урсгана. Басамжлагч хүн мэргэн ухааныг эрж хайдаг боловч юуг ч олохгүй. Харин мэдлэг нь гярхай нэгэнд хялбар ажгуу. Мунхаг хүнээс хол бай. Эс тэгвэл чи мэдлэгийн үгсийг олж эс чадна. Хэрсүү хүний мэргэн ухаан болбоос өөрийнхөө замыг ойлгох явдал мөн. Харин мунхаг хүмүүсийн мунхаглал болбоос заль мэх юм. Мунхгууд нүглийг басамжилдаг. Харин цэх шулуун хүмүүсийн дунд сайн санаа бий. Зүрх бүр өөр өөрийн зовлонг мэднэ. Гаднын хүн баяр баясгаланг нь үл хуваалцана. Хар санаатай хүний байшин нурж, Цэх шулуун хүний овоохой сүндэрлэнэ. Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг. Инээгчийн доторх зүрх өвдсөн ч байж болох юм. Хөөр баяслын төгсгөл нь уй гашуу ч байж болно. Замаасаа гажигч хүн хийсэн үйлийнхээ үр жимсээр дүүрнэ. Харин сайн хүн өөрийн хийсэн үйлсдээ сэтгэл ханах болно. Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг. Харин хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг. Мэргэн хүн болгоомжилдог ба хорон муугаас зайлдаг. Харин мунхаг хүн омог бардам ба болгоомжгүй байдаг. Түргэн зантай хүн мунхаг үйлийг үйлддэг. Хорон мууг сэдэгч хүн үзэн ядагддаг. Гэнэн нэгэн мунхаг явдлыг өвлөдөг бол Хэрсүү нэгэн мэдлэгээр шагнагдана.
СУРГААЛТ ҮГС 14:1-18 Ариун Библи 2013 (АБ2013)
Мэргэн эмэгтэй гэрээ төвхнүүлэх. Мунхаг нь гэрээ гардан нураах. Чигч алхагч нэгэн ЭЗЭНээс эмээх. Замаасаа гажигч хүн Түүнийг жигших. Мунхагуудын ам нуруун дундуур нь татах саваа. Мэргэний уруул өөрсдийг нь хамгаалах. Шар эс байваас тэжээлийн тэвш хоосон. Шарын хүч байх аваас орлого арвин. Гэрч итгэмжит аваас үл хуурах. Гэрч хуурамч болбоос худал үгс урсгах. Басамжлагч мэргэн ухааныг хайвч эс олох. Ухаарагч нэгэнд мэдлэг нь хялбар байх. Мулгуутай ханилагч нь Ухаарлын уруулыг эс сонсмуй. Хэрсүүгийн мэргэн ухаан нь замаа ухаарах явдал. Мулгуугийн мунхаглал нь заль мэх. Ялын тахилыг мунхгууд басах. Бурханы таалалд чигч шударга хүн баясах. Зовогч зүрх зовлонгоо мэдэх. Баяр хөөрийг нь гаднын хүн үл хуваалцах. Гэм буруутнуудын өргөө нурах. Чигч шударга хүмүүсийн овоохой дэвжих. Хүнд өөрт нь зөв мэт зам Харин эцэс нь үхлийн зам. Инээж байвч зүрх хөндүүрлэж болох. Хөөрөн баясахын эцэс уй гашуу ирж болох. Тэрслүү зүрхтэн замнаснаараа авна. Сайн хүн ч үйлдсэнээрээ хүртэнэ. Гэнэн хүн үг бүхэнд итгэх. Хэрсүү хүн алхмаа ухаарах. Мэргэн нь эмээж, ёрын муугаас зайлсхийх. Мунхаг нь догширч адгах. Цочмог ууртай нь мулгууг үйлдэх. Баширыг сэдэгч үзэн ядагдах. Гэнэнчүүдийн өв мулгуу. Ухаалгуудын титэм нь мэдлэг.