СУРГААЛТ ҮГС 16:1-16

СУРГААЛТ ҮГС 16:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

Зүрх сэтгэлийн бодол хүнд харьяалагддаг боловч, Хэлний хариулт ЭЗЭНээс ирдэг юм. Хүмүүний хамаг зам өөрийнх нь нүдэнд цэвэр харагддаг бол ЭЗЭН учир шалтгаанаар нь цэгнэн үздэг. Ажил үйлсээ ЭЗЭНд даатга тэгвэл бодсон санасан чинь биелнэ. ЭЗЭН юм бүхнийг тус тусын зорилготойгоор бүтээжээ. Тэр ч байтугай хар санаатнууд хорон муугийн өдөрт зориулагдсан аж. Бардам зүрхтэй хүн бүр ЭЗЭНий хувьд жигшил юм. Тийм нэгэн зайлшгүй шийтгүүлнэ. Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг. ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна. Хүмүүний зам ЭЗЭНий таалалд нийцэх цагт Тэрээр түүний дайснуудыг нь хүртэл түүнтэй эв түнжинтэй байлгадаг. Зүй бусаар олох үлэмж их орлогоос зөв шударгаар олох бага нь дээр. Хүн оюун ухаандаа өөрийн замыг төлөвлөдөг бол ЭЗЭН түүний алхаа гишгээг чиглүүлдэг. Хааны амнаас тэнгэрлэг шийдвэр гардаг. Шүүх цагт түүний ам алдаа гаргах ёсгүй. Зөв дэнс ба хэмжүүр ЭЗЭНд харьяалагддаг. Уутан доторх бүх туухай Түүнийх юм. Хаан ширээ зөв шударгад тулгуурладаг учраас Хорон муу явдалтай холбогдох нь хааны хувьд жигшүүртэй юм. Шударга зөв уруул хаанд таалагддаг. Үнэн ярьдаг хүнийг хаан хайрладаг. Хааны уур хилэн үхлийн элч мэт буюу. Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулдаг. Хааны нүүрэнд гэрэлтэх гэрэл дотор амьдрал буй. Түүний таалал нь хаврын борооны үүл мэт буюу. Алт авснаас мэргэн ухааныг олох нь илүү дээр. Мөн ухааныг авах нь мөнгөнөөс ч илүү үнэтэй.

СУРГААЛТ ҮГС 16:1-16 Ариун Библи 2013 (АБ2013)

Зүрхний төлөвлөгөө хүнээс. Хэлний хариулт ЭЗЭНээс. Хүмүүний бүхий л зам нүдэнд нь цэвэр ч Сүнсийг дэнслэгч нь ЭЗЭН билээ. Үйлсээ ЭЗЭНд даатга, бодол санаа чинь биелнэ. ЭЗЭН, бүгдийг зорилготой бүтээсэн тул Буруутууд шийтгэлийн өдрийнх. Зүрх бардам бүгд ЭЗЭНд жигшүүртэй. Гар барьсан ч болно, шийтгүүлэх нь лавтай. Энэрэл хайр ба үнэнээр хилэнц цагаадна. ЭЗЭНээс эмээвээс ёр муугаас зайлна. Зам нь ЭЗЭНий таалалд нийцсэн хүмүүнийг Дайснуудтай нь хүртэл Тэр эв түнжинтэй байлгана. Шударга бусаар олох үлэмж их орлогоос Зөвт байдлаар олсон бага нь дээр. Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг ч Түүний алхааг ЭЗЭН чиглүүлдэг. Хааны уруулд тэнгэрлэг шийдвэр бий. Шүүх цагт ам нь харш юм үйлдэх ёсгүй. Шударга жин ба дэнс ЭЗЭНийх. Уутан доторх туухай бүхэн нь Түүний үйлс. Зөвт байдал нь хаан ширээний тулгуур. Цөвт буруу явдал хаадад жигшүүр Зөвт уруул хаанд тааллыг олох. Чигч шударгыг яригчийг тэрээр хайрлах. Хааны уур хилэн үхлийн элч буюу. Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулмуй. Хааны нүүрэнд гэрэлтэх гэрэл дотор амьдрал буй. Таалал нь хаврын борооны үүл мэт буюу Мэргэн ухаан олж авах нь алтнаас хамаагүй дээр. Мөн ухаарлыг олж авах нь мөнгө сонгосноос ч дээр.