РУТ 1:1-21
РУТ 1:1-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутагт өлсгөлөн болов. Иуда дахь Бетлехемээс нэгэн хүн эхнэр болон хоёр хөвгүүнийхээ хамт Моабын нутаг уруу түр суухаар явав. Тэр хүний нэр нь Елимелех бөгөөд эхнэрийнх нь нэрийг Наоми гэдэг байв. Хоёр хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион хэмээх бөгөөд тэд Иуда дахь Бетлехемийн ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутагт орж ирэн, тэндээ үлдэв. Тэгтэл Наомигийн нөхөр Елимелех нас барж, тэрээр хоёр хөвгүүнтэйгээ үлдэв. Тэд өөрсдөдөө Моаб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаажээ. Нэгнийх нь нэрийг Орпа, нөгөөгийнх нь нэрийг Рут гэдэг байв. Тэнд тэд арваад жил амьдарчээ. Тэгтэл Махлон, Хилион хоёр хоёул бас нас барав. Ингэж тэр эмэгтэй хоёр хүүхэд болон нөхрөөсөө хагацлаа. ЭЗЭН Өөрийн хүмүүс дээр ирж, хоол хүнс өгч буйг Моабын нутагт сонссон тул тэрээр хоёр бэрийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босов. Тиймээс тэр өөртэйгөө хамт хоёр бэрээ авч, байсан газраа орхин одов. Тэгээд тэд Иудагийн нутаг уруу буцахаар замд гарав. Наоми хоёр бэрдээ —Явцгаа. Та хоёр өөр өөрийнхөө эхийн гэрт буцагтун. Та нар нас барагсдад хийгээд надад хандсаны чинь адил ЭЗЭН та нарт энэрэнгүй хандах болтугай! ЭЗЭН та хоёрыг өөрсдийн чинь нөхрийн гэрт амарлингуй байлган соёрхох болтугай хэмээн өгүүлэв. Тэгээд тэр тэднийг үнссэнд тэд дуугаа өндөрсгөн уйлалдав. Тэд түүнд —Гэвч бид заавал таны ард түмэн уруу тантай хамт буцна гэв. Харин Наоми —Буцагтун, охид минь! Яагаад та нар надтай хамт явах ёстой билээ? Та нарын нөхөр болчихоор хөвгүүд миний хэвлийд одоо ч бий гэж үү? Буцагтун, охид минь! Яв. Учир нь би нөхөрт гарахад дэндүү хөгшдөнө. Хэрэв би надад найдвар бий хэмээн хэлж, энэ шөнө нөхөрт гарч, бас хөвгүүд төрүүлсэн ч, тэднийг өстөл нь та нар хүлээх үү? Тэгснээр та нар гэрлэхээс татгалзах уу? Үгүй, охид минь. Яагаад гэвэл энэ нь та нараас илүү надад хүнд байна. Учир нь ЭЗЭНий мутар миний эсрэг байсан юм гэв. Тэд дахин дуугаа өндөрсгөн уйлалдав. Орпа хадам эхийгээ үнсэж, харин Рут түүнд наалдав. Тэгтэл тэр —Харагтун, авьсан чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцан явлаа. Бэргэнийхээ араас буц гэв. Харин Рут —Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. Таны үхэх газарт би үхнэ. Тэнд би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхлээс бусдаар танаас салбал ЭЗЭН намайг хатуу шийтгэх болтугай гэв. Тэр түүнийг өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг хараад түүнд дахин юу ч өгүүлсэнгүй. Тэгээд тэд хоёулаа Бетлехемд хүрч иртлээ явав. Тэднийг Бетлехемд иртэл бүх хотынхон тэднээс болж хөл үймээн болон, эмэгтэйчүүд нь —Энэ чинь Наоми мөн үү? гэлцэв. Тэрээр тэдэнд —Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс хүчит Нэгэн надад хэрцгий хандсан тул намайг Мара хэмээн дууд. Би дүүрэн гарч явсан боловч, ЭЗЭН намайг хоосон буцааж авчрав. Нэгэнт ЭЗЭН миний эсрэг гэрчилж, Төгс хүчит Нэгэн намайг зовоосон тул та нар юунд намайг Наоми гэж дуудна вэ? гэлээ.
РУТ 1:1-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутаг оронд өлсгөлөн болов. Нэгэн эр Иудагийн Бетлехемээс эхнэр бас хоёр хөвгүүнийхээ хамт Моабын нутагт цагаачлан суухаар явав. Тэр хүний нэр нь Елимелех, эхнэрийнх нь нэр Наоми, хоёр хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион гэдэг байв. Тэд Иуда дахь Бетлехемийн ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутаг дэвсгэрт орж ирээд, тэндээ байхаар үлдэв. Тэгтэл Наомигийн нөхөр Елимелех өөд болсонд, тэрээр хоёр хөвгүүнтэйгээ хоцров. Тэд өөрсдөдөө моаб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаажээ. Нэгнийх нь нэр Орпа, нөгөөгийнх нь нэр Рут байв. Тэд тэндээ арваад жил амьдарчээ. Тэгтэл бас Махлон, Хилион нар хоёул үхэв. Ингээд тэр эмэгтэй хоёр хөвгүүн ч үгүй, нөхөр ч үгүй хоцорчээ. ЭЗЭН Өөрийн ард түмэнд хоол хүнс өгөхөөр ирснийг Моабын нутагт сонсоод тэрээр бэрүүдийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босон явав. Ингээд тэр бэрүүдтэйгээ байсан газраа орхин Иудагийн нутаг уруу буцахаар замд гарчээ. Наоми хоёр бэрдээ —Явцгаа, өөр өөрийнхөө эхийн гэрт буцагтун. Та нар өөд бологсдод маань болон надад хэрхэн хандсаны адил ЭЗЭН та нарт мөн энэрэл хайраар хандах болтугай! ЭЗЭН та хоёрыг өөрсдийн чинь нөхрийн гэрт амар тайван байлгаж соёрхох болтугай хэмээн өгүүлээд тэднийг үнссэнд тэд дуугаа өндөрсгөн уйлалдаж — Бид заавал таны ард түмэн уруу тантай хамт буцмаар байна гэж түүнд хэлэв. Харин Наоми —Буцагтун, охид минь! Яагаад та нар надтай хамт явах гээд байгаа юм? Та нарт нөхөр болчихоор хөвгүүд миний хэвлийд одоо бий юу? Буцагтун, охид минь, явцгаагтун. Нөхөрт гарахад би дэндүү хөгшдөнө. Найдвар тасраагүй гээд энэ шөнө нөхөрт гарлаа гэж бодоход төрөх хөвгүүдийг том болж өстөл нь та нар хүлээх үү? Тэр болтол та нар бусдын эхнэр болохоос татгалзан тусдаа байх уу? Үгүй ээ, охид минь. Яагаад гэвэл энэ нь та нараас илүү надад гашуун байна. Учир нь ЭЗЭНий мутар миний эсрэг байсан юм гэв. Тэд дахин дуугаа улам өндөрсгөн уйлалдав. Орпа хадам эхийгээ үнсэж, харин Рут түүнээс зүүгдэв. Тэгтэл тэр —Хараач, авьсан чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцаж явлаа. Чи ч бас авьсаныхаа араас буц гэв. Харин Рут —Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. Таны үхэх газарт би үхэж тэндээ би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхэхээс бусдаар танаас салбал намайг ЭЗЭН шийтгэг, бүр ч илүүг үйлдэг! гэв. Тэр түүнийг өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг хараад түүнийг дахин ятгасангүй. Тэгээд тэр хоёр явсаар Бетлехемд хүрч ирлээ. Тэднийг Бетлехемд иртэл бүх хотынхон тэднээс болоод шуугилдацгааж, эмэгтэйчүүд нь —Энэ чинь Наоми мөн үү? гэлцэв. Тэрээр тэдэнд —Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс Хүчит Нэгэн намайг дэндүү гашуунаар зовоосон тул намайг Мара гэж л дууд. Би дүүрэн гарч явсан боловч ЭЗЭН намайг хоосон буцааж авчрав. Нэгэнт ЭЗЭН миний эсрэг гэрчилж, Төгс Хүчит Нэгэн надад муугаар хандсан тул та нар юунд намайг Наоми гэж дуудна вэ? гэлээ.