YouVersion Logo
Search Icon

Номлогчийн үгс 12

12
1Хүнд өдрүүд ирж “Надад аятай юм алга” гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд, Бүтээгчээ#12:1 евр. чиний Бүтээгч гэх нь чиний булш гэхтэй төстэй сонсогдоно. санагтун. 2Нар, гэрэл, сар, одод харанхуйлан борооны дараа үүлс эргэн хургахаас өмнө санагтун. 3Юун гэвээс, тэр өдөр гэр хамгаалагчид нь салгалан, хүчит эрс нь бөгтийж, нунтаглуурууд нь цөөрөөд няцлахаа больж, цонхоор харагсад нь харанхуйд автана. 4Ийнхүү гудамжны хаалга хаагдан тээрмийн дуу намдаж, шувуудын жиргээнээр сэрэх авч, охидын дуу нам жим болох үед 5өгсүүр газраас зүрхшээж, замаар явах ч аймшигтай санагдаж, бүйлсийн цэцэг шиг бууралтаад, цатгалан голио шиг хөшилдсөөр янгирцгана#12:5 янгирцгана: Латинаар каппарис гэдэг, гэнэтхэн хагдарч унадаг нэгэн ургамал. шиг хагдарна. Ийнхүү хүн мөнхийн гэртээ одоход гашуудагсад гудамжаар алхах болно. 6Мөнгөн утас тасарч, алтан хул хэмхэрч, булгийн хундага бутарч, худгийн хүрд эвдрэхээс өмнө Түүнийг санагтун. 7Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, амь амьсгаа#12:7 эсвэл сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажээ. 8Номлогч хэлэхдээ “Хоосноос хоосон бөгөөд бүгд утгагүй” гэв.
Төгсгөл
9Номлогч мэргэн ухаантан байсан бөгөөд ард олныг мэдлэгт сургав. Тэр цэгнэж, судалснаар олон сургаалт үгсийг эмхлэн гаргав. 10Номлогч онч мэргэн үгсийг эрэлхийлэн байж, үнэний үгсийг зөвөөр буулгав.
11Мэргэдийн үгс болбоос хатгуурт шилбүүр, хадаас адил орох бөгөөд тэдгээрийг бичигчид нь нэг л Хоньчиноор өгөгдсөн ажгуу. 12Энэ бүхнээс гадна хүү минь “Олон ном зохиоход төгсгөл үгүй ба үлэмж их сурах нь бие махбодод халтай” гэдгийг санаж явтугай.
13Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. 14Сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг, бүх үйлсийг Бурхан шүүлтэд аваачих болно.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in