1 САМУЕЛ 10
10
1Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган, түүнийг үнсээд,
—ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосолсон бус уу? 2Чи өнөөдөр надаас салж явахдаа Бениамины нутагт Зелза дахь Рахелын булшны дэргэд хоёр хүнтэй уулзана. Тэд чамд “Чиний хайхаар явсан илжигнүүдийг олсон билээ. Харагтун, чиний эцэг илжигнүүддээ санаа зовохоо болин «Би хүүгээ яаж олох вэ?» гэж асууж, та нарын араас санаа зовж байна” гэж хэлэх болно. 3Чи тэндээс цааш явж, Таборын царс мод хүрэхэд, тэнд Бетел дэх Бурхан уруу явж буй гурван хүнтэй уулзана. Нэг нь гурван ишиг, нөгөө нь гурван талх, гурав дахь нь нэг тулам дарс авч явж байгаа. 4Тэд чиний мэндийг асууж, чамд хоёр талх өгнө. Чи гараас нь талхыг авна. 5Дараа нь Филистийн харуулын анги байрладаг, Бурханы даваанд чи хүрнэ. Чамайг тэнд хотод ирмэгц, түрүүндээ ятга, хэнгэрэг, бишгүүр, хуур хөгжим дуугарган, мөргөлийн өндөрлөгөөс бууж байгаа хэсэг эш үзүүлэгчид чамтай уулзана. Тэд эш үзүүлцгээх болно. 6Тэгэхэд ЭЗЭНий Сүнс чиний дээр хүчтэй бууж, чи тэдэнтэй хамт эш үзүүлж, өөр хүн болж өөрчлөгдөнө. 7Эдгээр тэмдгүүд чамд ирэхэд, юу дуртайгаа үйлдэгтүн. Учир нь Бурхан чамтай хамт байна. 8Чи надаас түрүүлж Гилгал уруу уруудна. Харагтун, би шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөхөөр чам уруу уруудаж очно. Намайг чам уруу очтол чи тэнд долоо хоног хүлээнэ. Би чиний хийх бүгдийг зааж өгнө гэж хэлжээ.
9Саул Самуелыг орхин салж явсан тэр үед Бурхан Саулын зүрхийг өөрчлөв. Тэдгээр бүх тэмдгүүд тэр өдөртөө биелэгдэв. 10Тэд нөгөө даваанд хүрэхэд хэсэг эш үзүүлэгчид түүнтэй тааралдаж, Бурханы Сүнс түүний дээр хүчтэй буусанд тэр ч тэдний дунд эш үзүүлэв. 11Саулыг урьдаас мэддэг бүх хүмүүс түүнийг одоо эш үзүүлэгчидтэй хамт эш үзүүлж байхыг хараад өөр хоорондоо
—Кишийн хөвгүүнд юу тохиолдов? Саул бас эш үзүүлэгчдийн нэг гэж үү? гэлцэв. 12Тэнд байсан нэгэн хүн
—Тэдний эцэг нь хэн бэ? гэв. Тийм учраас
—Саул ч бас эш үзүүлэгчдийн нэг гэж үү? гэдэг хэллэг гарчээ. 13Саул эш үзүүлж дуусаад, мөргөлийн өндөрлөг уруу ирэв.
14Саулын авга ах түүнээс болон түүний зарцаас
—Та нар хаашаа явав? гэхэд Саул
—Илжигнүүдээ хайхаар явлаа. Олдохгүй болохоор нь Самуел дээр очоод ирлээ гэж хэлэв. 15Саулын авга ах нь
—Самуелын та нарт юу хэлснийг надад хэлээч гэв. 16Саул авга ахдаа
—Илжигнүүд олдов гэдгийг тэр бидэнд мэдүүлэв гэв. Гэвч Самуелын дурьдсан хаанчлалын талаар Саул авга ахдаа хэлсэнгүй.
17Үүний дараа Самуел ард олныг Мизпад ЭЗЭН уруу дуудан цуглуулсан билээ. 18Тэрээр Израилийн хөвгүүдэд
—Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Израилийг Египетээс гаргаж, та нарыг египетчүүдийн савраас болон та нарыг дарлаж байсан бүх хаанчлалуудын савраас аварсан билээ” гэв. 19Гэтэл бүхий л гай гамшиг, зовлонгоос чинь авардаг өөрсдийнхөө Бурханаас та нар өнөөдөр татгалзсан билээ. Гэсэн ч та нар “Бидний дээр хааныг тавигтун!” гэцгээсэн. Тийм учраас одоо Бурханы өмнө овог болон ураг төрлөөрөө зогсогтун гэж хэлэв. 20Ингээд Самуел Израилийн бүх овгуудыг ойртуулан дуудуулсан бөгөөд Бениамины овог шавгаар сонгогдов. 21Дараа нь тэр Бениамины овгийг ураг ургаар нь ойртуулсан бөгөөд Матрийн ураг сонгогдсон билээ. Кишийн хөвгүүн Саул сонгогдов. Харин хүмүүс Саулыг эрж хайсан боловч олсонгүй. 22Тийм учраас хүмүүс ЭЗЭНээс
—Тэр хүн энд ирсэн үү? гэж дахин асуув. ЭЗЭН
—Харагтун, тэр ачаан дотор нуугдаж байна гэв. 23Хүмүүс гүйн очиж, түүнийг тэндээс дагуулан ирэв. Саул ард олны дунд зогсоход, ард олны дундаас мөрөөрөө өндөр байв. 24Самуел ард түмэнд
—ЭЗЭНий сонгосон энэ хүнийг та нар харж байна уу? Үнэхээр бүх ард түмний дунд энэ хүнтэй эн зэрэгцэх хүн үгүй билээ гэж хэлэв. Тиймээс бүх хүмүүс баярлан уухайлж,
—Хаан мандтугай! гэв. 25Дараа нь Самуел ард олонд хаанчлалын тогтоолуудыг мэдүүлж, тэдгээрийг номд бичин, ЭЗЭНий өмнө тавив. Самуел бүх ард олныг гэр гэрт нь буцаав. 26Саул ч бас Гибеа дахь гэр уруугаа буцлаа. Бурхан зүрхэнд нь хүрсэн эр зоригт хүмүүс түүнийг дагаж явжээ. 27Харин зарим үл бүтэх этгээдүүд
—Энэ хүн биднийг яаж аврах юм бэ? хэмээн түүнийг басамжилж, түүнд ямар ч бэлэг авчирсангүй. Харин Саул дуугүй байв.
Currently Selected:
1 САМУЕЛ 10: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society