1Коринт 8
8
Шүтээнд өргөсөн идээ
1Шүтээнүүдэд өргөгдсөн тахилын тухайд гэвэл бид цөм мэдлэгтэй гэдгээ мэднэ. Мэдлэг ихэрхүүлдэг бол хайр босгодог. 2Хэрэв хэн нэгэн өөрийгөө ямар ч зүйлийг мэддэг гэж боддог бол тэрээр мэдэх ёстойгоо мэдээгүй л байна. 3Хэн Бурханд хайртай байна, тэр Түүгээр танигдсан. 4Иймд шүтээнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнц дэх шүтээн гэгч нь юу ч биш бөгөөд ганцаас өөр Бурхан байхгүйг бид мэднэ. 5Хэдийгээр тэнгэрт эсвэл газарт бурхад гэгдэгчид нь байдаг бөгөөд тиймээс олон бурхад ба олон эзэд байдаг гэдэг ч, 6бидний хувьд ганц Бурхан Эцэг байна. Бүх юм Түүнээс гарсан бөгөөд бид Түүний төлөө юм. Мөн ганц Эзэн Есүс Христ байна. Бүх юм Түүгээр агаад бид ч Түүгээр байгаа юм. 7Харин энэ мэдлэг бүх хүнд байдаггүй ажээ. Зарим хүмүүс өнөөг хүртэл шүтээнд дассан учир шүтээнд өргөсөн тахил гэж бодож идсэнээрээ сул дорой мөс чанараа бузарладаг аж. 8Харин идэх юм биднийг Бурханд ойртуулахгүй. Бид идлээ ч дээрдэхгүй, идээгүй ч дордохгүй. 9Харин та нарын энэ эрх сул доройчуудад бүдрүүлгэ болох вий гэж болгоомжил. 10Мэдлэгтэй чамайг шүтээний сүмд идэж суухыг чинь хэн нэгэн харвал, шүтээнд өргөсөн юмсыг идье гэж түүний сул дорой мөс чанар нь зоригжих бус уу? 11Иймд мэдлэгээс чинь болж сул дорой ах дүү чинь үрэгдэж байна. Тэдний төлөө л Христ үхсэн юм шүү. 12Ийнхүү ах дүүсийнхээ эсрэг нүгэл үйлдэж, сул дорой мөс чанарыг нь шархлуулснаараа чи Христийн эсрэг нүгэл үйлдэж байгаа юм. 13Тиймээс идэх юм ах дүүг минь бүдрүүлбэл ах дүүгээ бүдрүүлэхгүйн тулд би хэзээ ч дахин мах идэхгүй.
Одоогоор Сонгогдсон:
1Коринт 8: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.