1Хаад 1

1
Хааныг залгамжлахаар тэмцэлдэв
1Давид хаан нас өндөр болж өтөллөө. Түүнийг хучлагаар хучаад ч дулаацахаа больжээ. 2Зарц нар нь түүнд
—Бидний хаан эзний өмнө үйлчлэн зогсож, асарч, өвөрт нь хэвтсэнээр хаан эзэн маань дулаацах тийм нэгэн онгон охиныг эрж олцгооё гэлцэв. 3Тэд Израилийн нутаг дэвсгэр даяар гоо үзэсгэлэнтэй охиныг хайж, шунем охин Абишагийг олж, хаан дээр авчирлаа. 4Тэр охин маш гоо үзэсгэлэнтэй байсан бөгөөд хааныг асарч, хаанд үйлчлэв. Гэвч хаан түүнтэй энгэр зөрүүлсэнгүй. 5Тэр үед Хаггитын хүү Адониа
—Би хаан болно хэмээн өөрийгөө дөвийлгөж байв. Тэрээр өөртөө тэрэгт цэрэг, морьтонгууд мөн өөрийнх нь урд гүйх тавин хүнийг бэлдүүлжээ.#2См 3:4 6Эцэг нь амьд байхдаа түүнийг “Чи яах гэж ингэв?” гэж хэзээ ч зэмлэдэггүй байсан ажээ. Абсаломын дараа тэр төрсөн бөгөөд маш сайхан эр байлаа. 7Тэрээр Зеруиагийн хүү Иоаб, тахилч Абиатар нартай хэлэлцсэн бөгөөд тэд Адониагийн ард туслахаар зогсож байв. 8Гэвч тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, эш үзүүлэгч Натан, Шимеи, Реи бас Давидын хүчит эрс Адониатай нийлсэнгүй. 9Адониа Ен-рогелын ойролцоох Зохелетын хадны дэргэд хонь, үхэр, тарган тугалуудыг тахил өргөхөөр нядалж өөрийн ах дүү болох хааны бүх хөвгүүдийг бас Иудагийн эрчүүд буюу хааны бүх албат нарыг урьж дуудав. 10Харин тэрээр эш үзүүлэгч Натан, Бенаиа, хүчит эрсийг бас өөрийн дүү Соломоныг урьсангүй.
11Тэгэхэд Соломоны ээж Батшебад Натан өгүүлэн
—Хаггитын хүү Адониа хаан болчихсон бөгөөд бидний эзэн Давид үүнийг мэдээгүй байгаа гэдгийг та сонсоогүй юу?#2См 12:24 12Одоо ирж, таны амийг мөн хүү Соломоны тань амийг аврах зөвлөгөө өгөхийг надад зөвшөөрнө үү. 13Давид хаанд бараалхан, түүнд “Хаан эзэн минь, та өөрийн шивэгчин надад нэгэнтээ тангараглан «Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд залрах болно» гэж амласан биш үү? Гэтэл яагаад Адониа хаан болчихсон байгаа юм бэ?” гэж хэлэгтүн. 14Харагтун, та хаантанд тийн айлтгаж байх үед би араас тань орж, үгийг тань гүйцээе гэв. 15Хаантныг өрөөндөө хажуулан байх үед нь Батшеба бараалхав. Хаан ихэд өтөлсөн бөгөөд шунем охин Абишаг түүнд үйлчлэн байлаа. 16Тэгээд Батшеба бөхийж, хаанд мөргөлөө. Хаан
—Чи юу хүсэв? гэж асуув. 17Тэрээр хаанд
—Эзэн минь, та шивэгчиндээ өөрийн Бурхан ЭЗЭНээр тангараглан “Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд залрах болно” гэсэн шүү дээ. 18Гэтэл одоо, харагтун, Адониа хаан болжээ. Харин хаан эзэн минь, та үүнийг мэдээгүй л байна. 19Адониа үй олон үхэр, тарган тугал болон хоньдоор тахил өргөхөөр нядалж, хааны бүх хөвгүүд, тахилч Абиатар, цэргийн жанжин Иоабыг хүртэл урьж дуудсан боловч таны зарц Соломоныг урьсангүй. 20Хаан эзэн минь, Израиль дахины нүд тан дээр байна. Хаан эзний минь дараа түүний сэнтийд хэн залгамжлан суухыг та мэдүүлж өгөөрэй. 21Эс тэгвэл миний хаан эзэн та эцэг өвгөдийнхөө хамт нойрсох цагт би, бас миний хүү Соломон гэмтнүүд хэмээгдэнэ шүү дээ гэв. 22Харагтун, Батшеба хаанд айлтгаж байх үед эш үзүүлэгч Натан орж ирлээ. 23Хаанд
—Эш үзүүлэгч Натан ирээд байна гэж дуулгав. Тэрээр хааны өмнө орж ирээд, нүүр газарт доор мэхийн хаанд мөргөв. 24Тэгээд Натан
—Миний хаан эзэн та “Адониа миний дараа хаан болж, миний сэнтийд заларна” гэж хэлсэн юм уу? 25Учир нь тэр өнөөдөр явж, үй олон үхэр, тарган тугал болон хоньдыг тахил өргөхөөр нядалж, хааны бүх хөвгүүд, цэргийн жанжингууд#1:25 ЭНО-д Таны цэргийн жанжин Иоаб ба тахилч Абиатар нарыг урьж дуудсан байх юм. Тэд Адониагийн өмнө ууж идэн “Адониа хаан мандтугай” гэж уухайлцгааж байна. 26Харин тэрээр таны зарц намайг мөн тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, таны зарц Соломон нарыг урьсангүй. 27Энэ бүхнийг та зөвшөөрч, хаан эзний минь дараа сэнтийд тань хэн залгамжлан суухыг өөрийн зарц нартаа та дуулгасангүй гэж үү? гэв.
Соломоныг өргөмжлөв
28Тэгэхэд Давид хаан хариуд нь
—Батшебаг над уруу дуудагтун гэлээ. Батшеба орж ирээд хааны өмнө зогсов. 29Хаан түүнд
—Миний сэтгэлийг зовлон шаналан бүхнээс аварсан ЭЗЭН амьд! 30Чамд Израилийн Бурхан ЭЗЭНээр тангараглан “Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд миний оронд суух болно” гэж хэлсэн тэр ёсоор өнөөдөр би үйлдэнэ гэж тангараглав. 31Тэгэхэд Батшеба нүүр газарт доор мэхийн, хаанд бөхийж
—Миний эзэн Давид хаан та мөнх наслах болтугай гэж хэлэв. 32Дараа нь Давид хаан
—Тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа нарыг нааш дуудагтун гэсэнд тэд хааны өмнө ирлээ. 33Хаан тэдэнд
—Та нар эзнийхээ зарц нарыг дагуулан миний луусанд хүү Соломоныг минь мордуулаад Гихонд аваач. 34Тэнд тахилч Задок, эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тосолж, эвэр бүрээ үлээн “Соломон хаан мандтугай!” гэж уухайлагтун. 35Тэгээд тэр ирээд миний сэнтийд сууж, та нар түүнийг даган ирэгтүн. Би түүнийг Израиль ба Иудагийн удирдагчаар томилсон тул тэр миний оронд хаан болох ёстой гэж тушаав. 36Иехоиадагийн хүү Бенаиа, хаанд хариулан
—Амен! Хаан эзний минь Бурхан ЭЗЭН ч тийн айлдтугай. 37Хаан эзэнтэй минь ЭЗЭН хамт байсан шиг Соломонтой ч бас хамт байж, түүний сэнтийг миний эзэн Давид хааныхаас ч илүү агуу болгох болтугай гэж хэлэв. 38Ингээд тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, керетчүүд болон пелетчүүд доош явж Соломоныг Давид хааны луусанд мордуулан Гихонд аваачив. 39Тэгээд тахилч Задок тос агуулдаг эврийг асар дотроос авчирч, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн бүх ард олон
—Соломон хаан мандтугай! гэж уухайлцгаав. 40Бүх ард түмэн түүний хойноос даган өгсөж, лимбэ үлээн ихэд баярлан хөөрч, тэдний дуу чимээнд газар доргиж байлаа. 41Адониа болон түүнтэй хамт байсан бүх зочин идэж дуусах үедээ үүнийг сонсжээ. Иоаб эвэр бүрээн дууг сонсоод
—Ямар учраас хотод ийм их чимээ шуугиан гараад байна вэ? гэв. 42Тэрээр хэлж дуусаагүй байтал, харагтун, тахилч Абиатарын хүү Ионатан ирэв. Тэгэхэд Адониа түүнд
—Та зохист хүмүүн агаад сайхан мэдээ авчирдаг тул морилон орогтун гэв. 43Харин Ионатан, Адониад
—Тийм биш. Манай эзэн Давид хаан, Соломоныг хаан болгосон билээ. 44Хаан бас Соломоны хамт тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, керетчүүд болон пелетчүүдийг илгээжээ. Тэд Соломоныг хааны луусанд мордуулав. 45Тахилч Задок, эш үзүүлэгч Натан нар түүнийг Гихонд хаан болгон тослов. Тэд тэндээс хөөр баяртай буцан ирж байгаа тул хот ч чимээ шуугианаар дүүрчээ. Та нар тэр л дуу чимээг сонсов. 46Хаан сэнтийд Соломон нэгэнт залран суулаа. 47Түүнчлэн хааны зарц нар бидний эзэн Давид хааныг ерөөхөөр бараалхаж “Бурхан, Соломоны нэрийг таны нэрээс үлэмж дээр болгож, түүний сэнтийг таны сэнтийнээс агуу их болгох болтугай” гэж байна. Хаан ч өөрөө орон дээрээсээ мөргөж, 48“Нүдний минь өмнө миний сэнтийд залрах нэгнийг өнөөдөр өгсөн Израилийн Бурхан ЭЗЭНд магтаал байх болтугай” гэж хэлж байсан гэж хариулав. 49Тэгтэл Адониагийн бүх зочин цочирдов. Тэд босож, өөр өөрсдийн замаар одоцгоов. 50Адониа ч Соломоноос айж байв. Тэр босож очоод, тахилын ширээний эврээс#1:50 тахилын ширээний эвэр: Эвэр шиг харагддаг дөрвөн булангийн төвгөр хэсэг. Үүнээс зуурсан хэн боловч алагдах аюулаас хэлтэрдэг байв. зуурч авлаа. 51Соломонд
—Соломон хаанаас Адониа айж байна. Хараач, тэрээр тахилын ширээний эврээс зууран “Өөрийн зарцыг сэлэмдэж алахгүй гэж Соломон хаан өнөөдөр надад тангараглаг” хэмээн үглэж байна гэж дуулдсанд 52Соломон
—Хэрэв тэр зохист хүн бол түүний ширхэг үс ч газарт унахгүй. Харин хэрэв бузар муу нь түүнээс олдвол тэр үхэг гэж хэлэв. 53Соломон хаан түүнийг тахилын ширээнээс авчруулахаар илгээсэн билээ. Тэр ирж, Соломон хааны өмнө мөргөхөд Соломон түүнд
—Гэртээ харигтун гэв.

Одоогоор Сонгогдсон:

1Хаад 1: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү