1Самуел 26
26
Саулын амийг Давид дахин хэлтрүүлэв
1Гибеад байсан Саул уруу зифчүүд ирж
—Давид, Иешимоны урд талд байдаг Хахила довд нуугдаж байгаа бус уу? гэж хэлэв.#Дуу 54 (гарчиг) 2Саул босож, Израилийн гурван мянган шилмэл эрийг авч, Зифийн цөлд байгаа Давидыг эрэхээр Зифийн цөл уруу хөдлөв. 3Саул Иешимоны урд талд, замын дэргэд орших Хахила довд хуарагнав. Энэ үед Давид цөлд байв. Саул өөрийг нь мөрдөж цөлд ирснийг хараад 4Давид туршуулуудыг явуулж Саулын ирээд байгааг мэдэв. 5Дараа нь Давид, Саулын хуарагнасан газарт ирж, Саул болон түүний цэргийн жанжин, Нерийн хөвгүүн Абнер нарын унтдаг газрыг харав. Саул буудлын дунд унтаж, хүмүүс нь түүнийг тойрон байрлажээ. 6Тэгээд Давид хит хүн Ахимелех болон Зеруиагийн хөвгүүн Иоабын дүү Абишаи нарт хандан
—Хэн надтай хамт Саул уруу, буудал уруу явах вэ? гэсэнд Абишаи
—Би тантай хамт уруудан явъя гэж хариулав. 7Ийнхүү Давид, Абишаи хоёр шөнөөр хүмүүс уруу очив. Харагтун, Саул буудлын дунд унтаж байсан ба түүний жад толгойнх нь хажууд газарт зоолттой байв. Абнер болон хүмүүс нь түүнийг тойрон унтаж байв. 8Тэгэхэд Абишаи, Давидад
—Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй гэж хэлэв. 9Гэвч Давид, Абишаид сөргүүлэн
—Түүнийг бүү алагтун. ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар сунгаад хэн шийтгэлгүй үлдэж чадах вэ? гэв. 10Давид цааш нь
—ЭЗЭН амьд! ЭЗЭН түүнийг заавал устгана эсвэл түүний үхэх өдөр ирнэ эсвэл тулалдаанд явж устгагдана. 11ЭЗЭНий тосолсон хүний эсрэг намайг гар сунгахыг ЭЗЭН хорих болтугай. Харин одоо толгойнх нь хажууд байгаа жад, устай домбыг аваад явъя гэж хэлэв.#1См 24:6 12Тэгээд Давид, Саулын толгойн хажуугаас жад ба устай домбыг авч явав. Хэн ч харсангүй, хэн ч мэдсэнгүй, хэн ч сэрсэнгүй. ЭЗЭНээс ирсэн гүн нойр тэдний дээр байсан учир тэд бүгд унтаж байв. 13Дараа нь Давид нөгөө тал уруу явж, хол гэгчийн уулын оройд гарав. Тэдний хооронд хол зайтай болов. 14Давид хүмүүсийг болон Нерийн хөвгүүн Абнерыг дуудан
—Абнер аа, чи хариулахгүй юу? гэхэд Абнер
—Хаан уруу хашхирдаг чи хэн юм бэ? гэж хариу асуув. 15Ийнхүү Давид, Абнерт
—Чи эр хүн биш үү? Израильд чамтай эн зэрэгцэх хүн байна уу? Яагаад чи өөрийн эзэн хааныг сахин хамгаалсангүй вэ? Учир нь эзэн хааныг чинь хороохоор нэгэн хүн ирсэн билээ. 16ЭЗЭН амьд! Үйлдсэн чинь сайн биш агаад та нар үхвэл зохилтой. Учир нь та нар өөрсдийн эзэн, ЭЗЭНий тосолсон хүнийг хамгаалсангүй. Одоо хааны толгойн хажууд байсан хааны жад ба домботой ус хаана байгааг харагтун гэж хэлэв. 17Тэгэхэд Саул, Давидын дууг танин
—Миний хүү Давид аа, энэ чиний дуу юу? гэхэд Давид
—Миний дуу, эзэн хаан минь! гэж хариулав. 18Тэр бас
—Яагаад эзэн минь өөрийн зарцын араас мөшгөнө вэ? Би юу үйлдэв? Эсвэл миний гарт ямар бузар муу юм байна вэ? 19Тийм учраас одоо миний эзэн хаан өөрийн зарцын үгийг сонсож соёрхоно уу. Хэрэв ЭЗЭН таныг миний эсрэг болгосон бол, Тэр тахилыг хүлээн авах болтугай. Харин тэр нь хүмүүсийн хэрэг бол ЭЗЭНий өмнө тэд хараагдах болтугай. Учир нь тэд намайг өнөөдөр ЭЗЭНий өв залгамжлалтай холбоогүй болгон хөөн явуулж, “Явж бусад бурхдад үйлчил” гэж хэлж байгаа хэрэг юм. 20ЭЗЭНий оршихуйгаас холдоход миний цус газарт бүү урсаасай. Учир нь Израилийн хаан, ууланд ятуу шувуу агнаж байгаа нэгэнтэй адил, ганцхан нохой бөөс эрэхээр гарсан билээ гэж хэлэв.
21Тэгэхэд Саул
—Би алдаа хийв. Буцаж ирэгтүн, миний хүү Давид! Би дахин чамд гай тотгор учруулахгүй. Учир нь өнөөдөр миний амь чамд үнэтэй байв. Харагтун, би мунхаг зүйл үйлдэж, том алдаа гаргалаа гэв. 22Давид хариулан
—Харагтун, хааны жад энэ байна! Залуусынхаа нэгийг илгээж, үүнийг авагтун. 23ЭЗЭН хүн бүрийг зөвт болон итгэлтэй байдлаар нь хариу шагнах болно. ЭЗЭН өнөөдөр таныг миний гарт өгсөн боловч би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар сунгахаасаа татгалзсан билээ. 24Харагтун, миний нүдэнд өнөөдөр таны амь ихэд үнэтэй байсны адил ЭЗЭНий мэлмийд миний амь ихэд үнэтэй байх болтугай. ЭЗЭН намайг зовлон шаналан бүхнээс аврах болтугай гэж хэлэв. 25Дараа нь Саул, Давидад
—Миний хүү Давид аа, чи ивээгдэх болтугай. Чи их хэргийг бүтээж, үнэхээр амжилт олох болно гэв. Ингээд Давид аянаа үргэлжлүүлж, Саул өөрийнхөө газар уруу буцав.
Одоогоор Сонгогдсон:
1Самуел 26: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.