1Самуел 6
6
ЭЗЭНий авдрыг Израильд буцаав
1ЭЗЭНий авдар филистчүүдийн тал нутагт долоон сар байлаа. 2Филистчүүд тахилчид ба мэргэч төлгөчдийг дуудан
—Бид ЭЗЭНий авдрыг яах вэ? Түүнийг байсан газарт нь хэрхэн буцааж илгээхийг бидэнд мэдүүлж өгөөч гэжээ. 3Тэд
—Хэрвээ та нар Израилийн Бурханы авдрыг буцааж илгээх бол юу ч үгүй хоосон илгээж болохгүй. Харин та нар Түүнд ялын тахил заавал төл! Тэгвэл та нар эдгэрч, Бурханы мутар яагаад та нараас холдож салахгүй байгааг мэдэх болно гэв. 4Тэгэхэд хүмүүс
—Бидний Түүнд буцааж төлөх ялын тахил нь юу байх вэ? гэв. Тэд
—Та бүгд болон танай ноёдын дээр буусан гамшиг нэг тул энэ нь Филистийнхээ ноёдын тоотой адил таван алтан булдруу, таван алтан хулгана байна гэж хариулав. 5Та нар өөрийн булдруу өвчний болон энэ газрыг хоосруулагч хулганын дүрсүүдийг хийж Израилийн Бурханыг алдаршуулбал магадгүй та нар, та нарын бурхад мөн танай нутгийн дээрээс Бурхан мутраа авч хөнгөлнө буй заа. 6Египетчүүд болон Фараон зүрхээ хатууруулсны адил та нар юунд зүрхээ хатууруулна вэ? Бурхан тэдэнд гай зовлон илгээхэд тэд Израиль хүмүүсийг явуулаагүй гэж үү? Өнөө хүмүүс ч яваагүй гэж үү? 7Тиймээс нэг шинэ тэрэг хийж, буулганд оруулж байгаагүй, хөхүүл хоёр үнээг авч бэлтгэ. Үнээнүүдийг тэргэнд хөллөн, тугалуудыг нь буцааж хашаанд хий. 8ЭЗЭНий авдрыг авч тэргэн дээр тавь. Ялын тахил болгон төлөх алтан эдлэлээ хайрцагт хийж хажууд нь тавь. Тэгээд үүнийг илгээн явуулагтун. 9Тэр нь нутгийнхаа замаар Бет-шемешийн зүг явахыг харвал, Бурхан бидэнд энэ их гай зовлонг учруулсан гэсэн үг. Харин эс явбал, биднийг цохисон нь Түүний мутар биш, энэ нь бидэнд санамсаргүй тохиолдов гэдгийг бид мэдэх болно гэв. 10Хүмүүс тийнхүү үйлдэж, хөхүүл хоёр үнээ авч, тэргэнд хөллөн тугалуудыг нь хашаанд хийж түгжжээ. 11Тэд ЭЗЭНий авдрыг бас алтан хулгананууд болон булдрууныхаа дүрсийг хийсэн хайрцгийг тэргэн дээр тавив. 12Үнээнүүд Бет-шемешийн зүгт шууд зүглэж, нэг замаа даган мөөрсөөр явахдаа баруун тийш ч, зүүн тийш ч эргэсэнгүй. Филистийн ноёд Бет-шемешийн хил хязгаар хүртэл тэдний араас дагаж явав. 13Бет-шемешийн хүмүүс тал хөндийд буудайн ургацаа хурааж байгаад харцаа өргөн авдрыг харцгаав. Тэд авдрыг хараад баярлан хөөрцгөөв. 14Өнөө тэрэг бет-шемеш хүн Иошуагийн талбайд ирж, нэгэн бул чулууны дэргэд зогсов. Тэр хүмүүс тэрэгний модыг хагалан үнээнүүдээр ЭЗЭНд шатаалт тахил тахив. 15Левичүүд, ЭЗЭНий авдар болон түүнтэй хамт байсан, дотор нь алтан эдлэл хийсэн хайрцгийг авч, тэдгээрийг бул чулуун дээр тавив. Бет-шемешийн хүмүүс тэр өдөртөө ЭЗЭНд шатаалт тахил өргөн, нядлах тахил тахив. 16Филистийн таван ноён үүнийг үзээд, тэр өдөртөө Екрон уруу буцжээ. 17Филистчүүд ялын тахил болгон ЭЗЭНд буцаан өгсөн алтан булдруунуудын нэг нь Ашдодын төлөө, нэг нь Газын төлөө, нэг нь Ашкелоны төлөө, нэг нь Гатын төлөө, нэг нь Екроны төлөө байв. 18Бас алтан хулгананууд нь таван ноёнд харьяалагдах филистчүүдийн бүх хотын тоо ёсоор байв. Эдгээр нь бэхлэлттэй хотоос хөдөө талын тосгод хүртэл байв. ЭЗЭНий авдрыг дээр нь тавьсан бул чулуу нь өнөөдрийг хүртэл бет-шемеш хүн Иошуагийн талбайд байна.
ЭЗЭНий авдар Кериат-Иеаримд
19Бет-шемешийн хүмүүс ЭЗЭНий авдран доторхыг харсан тул ЭЗЭН тэднийг цохиж, ард олноос нь тавин мянга далан хүнийг цохин алав. ЭЗЭН хүмүүсийг үй олноор хядсанд ард олон эмгэнэн гашуудав. 20Бет-шемешийн хүмүүс
—Энэ ариун Бурхан ЭЗЭНий өмнө хэн зогсож чадах вэ? Тэр биднээс өөр хэн уруу одох билээ? гэцгээв. 21Тиймээс тэд Кириат-Иеаримын оршин суугчид уруу элч нарыг илгээж
—Филистчүүд ЭЗЭНий авдрыг буцааж авчирлаа. Та нар буун ирж, үүнийг дээш аваачигтун гэв.
Одоогоор Сонгогдсон:
1Самуел 6: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.