2Самуел 12
12
1Дараа нь ЭЗЭН, Натаныг Давид уруу илгээсэнд тэр Давид дээр ирж
—Нэгэн хотод хоёр хүн байжээ. Нэг нь баян, нөгөө нь ядуу зүдүү хүн байв.#Дуу 51 (гарчиг) 2Баян хүн нь үлэмж их хонь болон үхэр сүрэгтэй байжээ. 3Харин ядуу нь өөрөө худалдан авч тэжээсэн нэг бяцхан охин хурганаас өөр юу ч үгүй юмсанж. Хурга түүнтэй болон хүүхдүүдтэй нь хамт өсөн бойжиж, талхнаас нь идэж, аяганаас нь ууж, өвөрт нь унтаж, тэр хүнд яг л охины нь адил байв. 4Гэтэл баян хүнийд аянчин иржээ. Өөр дээр нь ирсэн аянчинд зориулан өөрийн хонь болон үхэр сүргээс төхөөрөхийг баян хүн хүссэнгүй. Харин тэрээр ядуу хүний охин хургыг авч, өөр дээр нь ирсэн хүнд зориулан төхөөрчээ гэв. 5Тэгэхэд Давид тэр хүнд ихэд хилэгнэж Натанд
—ЭЗЭН амьд! Үүнийг үйлдэгч нь үхэг. 6Тэр хүнд өрөвдөх сэтгэл байсангүй бөгөөд ийм хэрэг үйлдсэн учраас охин хурганы төлөө тэрээр дөрөв нугалж төлөх ёстой гэв. 7Тэгэхэд Натан, Давидад
—Тэр хүн нь та билээ! Израилийн Бурхан ЭЗЭН айлдахдаа “Чамайг Израилийн хаанаар тослон томилсон бөгөөд Саулын гараас аварч гаргасан нь Би билээ. 8Бас чамд эзний чинь гэрийг мөн түүний эхнэрүүдийг өвөрт чинь өгч, Израиль болон Иудагийн гэрийг даатгасан нь Би билээ. Хэрэв энэ нь дэндүү багадсан бол Би чамд энэ мэт зүйлсийг илүү ихээр нэмж өгөх байсан! 9Юунд чи ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэн Түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алсан бөгөөд эхнэрийг нь өөрийн эхнэр болгон авч, өөрийг нь Аммоны хөвгүүдийн илдээр алуулав. 10Тиймээс одоо чиний гэрээс хэзээ ч илд салахгүй. Учир нь чи Намайг үл тоомсорлож, хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан” гэлээ. 11Бас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би гэрийнхний чинь дотроос чиний эсрэг бузар хөнөөлийг гаргана. Би чиний нүдэн дээр эхнэрүүдийг чинь авч хөршид чинь өгнө. Тэр хүн гэгээн цагаан өдөр чиний эхнэрүүдтэй унтах болно.#2См 16:22 12Чи энэ явдлыг нууцаар үйлдсэн бол, харин Би хамаг Израилийн өмнө, гэгээн цагаан өдөр үүнийг гүйцэлдүүлнэ” гэсэн гэж хэлэв.
13Тэгэхэд Давид, Натанд
—Би ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдлээ гэв. Натан, Давидад
—ЭЗЭН чиний нүглийг тайлсан тул чи үхэхгүй. 14Гэлээ ч хийсэн энэ хэргээрээ чи ЭЗЭНий дайснуудад доромжлох боломжийг өгсөн тул чиний хүү заавал үхнэ гэлээ. 15Ингээд Натан гэр өөдөө буцав.
Батшебагийн хүүхэд үхэв
Уриагийн бэлэвсэн эхнэрийн Давидад төрүүлсэн хүүг ЭЗЭН цохисонд тэр хөвгүүн хүнд өвчинд нэрвэгдэв. 16Тиймээс Давид тэр хүүхдийн төлөө Бурханаас гуйж, мацаг барьсаар гарч орж, шөнөжингөө газар хэвтэв. 17Түүний гэрийн ахмадууд дэргэд нь зогсон, түүнийг газраас босгох гэсэн боловч Давид босохыг хүссэнгүй мөн тэдэнтэй хамт хоол ч идсэнгүй. 18Долоо дахь өдөр хөвгүүн нь өөд болжээ. Давидын зарц нар “Харагтун, хөвгүүнийг амьд байхад бид хааныг ятгасан ч тэр бидний дуу хоолойг сонсоогүй. Хөвгүүн нь өөд болсныг одоо хэлбэл хаан өөртөө хор хүргэж магадгүй тул хаанд яаж хэлэх вэ?” гэлцэж, хөвгүүнийг өөд болсныг Давидад хэлэхээс айж байв. 19Харин Давид зарц нарынхаа шивнэлдэхийг хараад, хөвгүүн өөд болсныг ойлголоо. Ийнхүү Давид зарц нараасаа
—Хөвгүүн өөд болсон уу? гэж асуухад тэд
—Тийм ээ, тэр өөд болов гэв. 20Ингээд Давид газраас босож, угаал үйлдэн биеэ тослоод, хувцсаа солив. Тэр ЭЗЭНий өргөөнд орж хүндэтгэн мөргөв. Дараа нь гэртээ хариад хоол хийлгэж идэв. 21Тэгтэл зарц нар нь
—Таны үйлдсэн энэ хэрэг ямар учиртай юм бэ? Хөвгүүн амьд байхад та мацаг барьж, уйлж байсан, харин хөвгүүн өөд болоход та босож, хоол идлээ гэлцэв. 22Давид
—Хөвгүүнийг амьд байх үед би мацаг барин, уйлж байсан нь “ЭЗЭН намайг нигүүлсэж, хөвгүүнийг амьдруулах магад” хэмээн санасны учир юм. 23Гэтэл одоо тэр өөд болчихлоо. Би юунд мацаг барих ёстой билээ? Би түүнийг дахин эргүүлж авчирч чадах бил үү? Би өөрөө түүн дээр очих болно. Харин тэр над дээр эргэж ирэхгүй гэв.
Соломон төрөв
24Тэгээд Давид өөрийн эхнэр Батшебаг тайтгаруулан түүн дээр орж, түүнтэй унтав. Тэр эмэгтэй хүү төрүүлээд түүнийг Соломон гэж нэрлэжээ. ЭЗЭН түүнийг хайрласан бөгөөд 25эш үзүүлэгч Натаны гараар мэдээ илгээн ЭЗЭНий төлөө Иедидиа#12:25 Иедидиа: евр. “ЭЗЭНд хайрлагдсан” гэсэн утгатай. гэж түүнийг нэрлэлээ.
Аммончуудыг нухчин дарав
(1Шс 20:1–3)
26Тэр үед Иоаб, Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг тулалдан хаан хотыг нь эзэлж авав. 27Иоаб, Давидад элч нарыг илгээн
—Би Раббагийн эсрэг дайтаад усны хотыг нь хүртэл эзэлж авлаа. 28Тиймээс одоо, ард олноос үлдсэн хүмүүсийг хамтад нь цуглуулж, тэр хотын эсрэг хуарагнан, түүнийг эзлэн авагтун. Эс тэгвээс би өөрөө энэ хотыг эзэлж аван энэ нь миний нэрээр нэрлэгдэх болно гэж хэлүүлэв. 29Иймээс Давид бүх ард олноо цуглуулж Рабба уруу очоод түүний эсрэг дайтаж, хотыг эзэлж авчээ. 30Тэгээд тэрээр тэдний хааны#12:30 эсвэлАммончуудын шүтээн Молехын титмийг толгойноос нь авчээ. Титэм нэг талант алтны жинтэй бөгөөд эрдэнийн чулуу суулгасан байв. Тэр титмийг Давидын толгойд өмсгөжээ.#12:30 эсвэл Давид титэмний эрдэнэсийг авч өөрийнхдөө шигтгэжээ. Тэр хотоос Давид маш их хэмжээний олз омог авчрав. 31Давид бас тэр хотод байсан хүмүүсийг авчран хөрөө, ирт төмөр зээтүү ба төмөр сүхээр хийх ажилд тавьж,#12:31 магадлалт хувилбар: 1Шс 20:3 үз. тоосго цохиулав. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон бүх ард олон Иерусалимд буцаж ирэв.
Одоогоор Сонгогдсон:
2Самуел 12: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.