2Самуел 4

4
Иш-бошетыг хороов
1Абнерыг Хебронд өөд болсныг Саулын хүү сонсоод, гар нь суларсан бөгөөд хамаг Израиль сандран тэвдэв. 2Саулын хүүд дээрэмчний хоёр толгойлогч байв. Нэгнийх нь нэр Баана, нөгөөгийнх нь нэр Рехаб бөгөөд хоёулаа бениамин хөвгүүдээс гаралтай, беерот хүн Риммоны хөвгүүд байв. (Учир нь Бееротыг ч бас Бениамины нэгэн хэсэг гэж үздэг байв. 3Беерот хүмүүс Гиттаим уруу зугтан ирж, энэ өдрийг хүртэл тэнд цагаачлан суурьшжээ.) 4Саулын хүү Ионатанд нэгэн хөл муутай хөвгүүн байв. Саул болон Ионатаны тухай мэдээ Иезреелээс ирэх үед тэр хүү таван настай байж. Асрагч нь түүнийг тэврэн зугтсан бөгөөд яарч сандран гүйж яваад хүүг унагаснаас болж хүү хазганах болжээ. Тэр хүүгийн нэрийг Мефибошет гэдэг байв.#2См 9:3 5Беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб, Баана нар өдрийн халуунд Иш-бошетын гэрт ирэхэд Иш-бошет үд дээр орондоо хэвтэж байжээ. 6Тэд буудай авах гэж байгаа мэтээр гэрийн голд очиж, түүний хэвлийг бүлэв. Тэгээд Рехаб болон түүний ах Баана нар зугтацгаалаа. 7Тэднийг гэрт орох үед Иш-бошет нойрсох танхимдаа орон дотроо хэвтэж байсанд тэд түүнийг цохиж алаад, толгойг нь огтолж авчээ. Тэд толгойг нь аваад, шөнөжингөө цөлийн замаар явав. 8Тэгээд тэд Иш-бошетын толгойг Хебронд буй Давидад авчран хаанд
—Үүнийг хараач, таны аминд заналхийлж байсан таны дайсан Саулын хүү Иш-бошетын толгой энэ байна. ЭЗЭН өнөөдөр Саул болон түүний үр удмаас эзэн хааны минь төлөө өшөөг ийнхүү авахуулав гэж айлтгав. 9Беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб болон түүний ах Баана нарт Давид хариулан
—Миний амийг зовлон шаналан бүхнээс аварсан ЭЗЭН амьд!#4:9 Эзэн амьд! Тухайн зүйлийг баттай хэмээн андгайлсан хэвшмэл хэллэг. 10Нэгэн хүн надад “Харагтун, Саул үхэв” гэж мэдэгдэж, өөрийгөө сайхан мэдээ авчирлаа гэж тооцоход нь би түүнийг барьж, Зиклагт алав. Мэдээнийх нь төлөө түүнд өгсөн шагнал тэр байлаа.#2См 1:1–16 11Тэр тусмаа гэм бурууг үйлдэгч хүмүүс зөв шударга хүнийг өөрийнх нь гэрт, өөрийнх нь орон дээр алсан байхад, одоо би цусыг нь та нарын гараас шаардаж, та нарыг хорвоогоос арчиж хаяхгүй юм гэж үү? гэв. 12Тэгээд Давид залууст тушаахад залуус нь тэднийг алж, гар хөлийг нь цавчин, Хебронд цөөрмийн дэргэд дүүжлэв. Харин тэд Иш-бошетын толгойг авч, Хеброн дахь Абнерын булшинд тавив.

Одоогоор Сонгогдсон:

2Самуел 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү