2Тесалоник 1

1
Мэндчилгээ
1Паул болон Силуан, Тимот нараас бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд.#Үйл 17:1 2[Бидний] Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай.
Талархал
3Ах дүү нар аа, бид үргэлж та нарын төлөө Бурханд талархах ёстой. Та нарын итгэл үлэмж өсөж, хүн бүрийн бие биенээ гэсэн хайр чинь нэмэгдсээр байгаа тул ингэх нь ч зүйтэй юм. 4Та нарын тэсвэрлэж буй бүхий л хавчлага, зовлонгийн дундах тэвчээр ба итгэлийн чинь төлөө бид өөрсдөө Бурханы чуулгануудын дунд та нараар бахархдаг.
Христийг ирэх үед болох шүүлт
5Зовж байгаа чинь Бурханы зөв шүүлтийн эгэл шинж тэмдэг бөгөөд ийн та нар Бурханы хаанчлалд зохистой гэж тооцогдоно. Учир нь та нар үнэхээр зовж байгаа билээ. 6Бурхан шударга тул та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж, 7харин зовсон та нарт болон бидэнд Эзэн Есүс хүчирхэг тэнгэрэлч нарынхаа хамт тэнгэрээс илчлэгдэх үед амралт өгч, 8Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайнмэдээг дагадаггүй хүмүүсээс дүрэлзэх галд өшөө авах аж. 9Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй ба Түүний хүчний алдраас сална.#Иса 2:10 10Энэ нь тэрхүү өдөр ариун хүмүүсийнхээ дунд алдаршихаар мөн бүх итгэгчдэдээ гайхагдахаар Түүнийг ирэхэд болно. Учир нь та нар гэрчлэлд маань итгэсэн юм. 11Тиймээс бидний Бурхан, та нарыг дуудлагадаа зохистой гэж тооцон, сайны төлөөх хүсэл бүхнийг ба итгэлийн үйлийг хүч дор биелүүлэг хэмээн бид та нарын төлөө үргэлж залбирдаг. 12Ингэснээр бидний Бурханы болон Эзэн Есүс Христийн#1:12 эсвэл Бидний Бурхан ба Эзэний нигүүлслийн дагуу Эзэн Есүсийн нэр та нарын дотор мөн та нар ч Түүн дотор алдаршина.

Одоогоор Сонгогдсон:

2Тесалоник 1: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү