2Тесалоник 3
3
Залбирлын хүсэлт
1Эцэст нь ах дүү нар аа, Эзэний үг та нарын дунд ямар байсан шиг түргэн тарж, алдаршуулагдах болтугай гэж бидний төлөө залбир. 2Тэрчлэн буруу гажуу, хорон муу хүмүүсээс биднийг гэтэлгэхийн төлөө залбир. Учир нь итгэл нь бүгдэд байхгүй. 3Эзэн бол итгэмжит. Тэр та нарыг ёрын муугаас хамгаалан хүчтэй болгоно. 4Тушаасан болгоныг маань та нар хийж байгаа болон хийх ч болно гэж Эзэн дотор бид та нарт итгэдэг. 5Эзэн зүрхийг чинь Бурханы хайр ба Христийн тэвчээрт чиглүүлэх болтугай.
Залхуурлын талаарх сануулга
6Ах дүү нар аа, та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу явдаггүй, залхууран амьдрагч ах дүү бүрээс хол байхыг [бидний] Эзэн Есүс Христийн нэрээр та нарт тушааж байна. 7Учир нь биднийг хэрхэн дуурайх ёстойг та нар өөрсдөө мэднэ. Бид та нарын дунд залхуу байгаагүй, 8мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хэнд нь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй, зүдэл зүтгэл, дараа дарамттайгаар ажиллаж байлаа. 9Бидэнд эрх мэдэлгүйдээ бус, харин та нар биднийг дуурайг гэж өөрсдийгөө та нарт үлгэр дуурайл болгосон юм. 10Бид та нартай хамт байхдаа хүртэл “Хэн ажил хийхийг үл хүснэ, тэр нь бүү идэг” гэж тушаадаг байсан. 11Учир нь та нарын дундаас зарим нь залхууран амьдарч, ажил огт хийхгүй, харин бусдын хэрэгт оролцож байна гэж сонслоо. 12Тийм хүмүүсийг дуугүй хөдөлмөрлөж, өөрийнхөө талхыг идэхийг Эзэн Есүс Христ дотор тушаан ятгаж байна. 13Харин ах дүү нар аа, та нар сайныг үйлдэхэд бүү цуц. 14Хэрэв хэн нэгэн нь энэ захидлын үгийг маань дагахгүй бол түүнийг онцлон анхаар. Ичээхийн тулд түүнтэй бүү нийл. 15Түүнийг дайсан мэт бүү үз, харин ах дүүгийн хувьд сануул.
Төгсгөлийн мэндчилгээ ба ерөөл
16Амар амгалангийн Эзэн Өөрөө та нарт бүхий л аргаар үргэлж амар амгаланг соёрхог. Эзэн та бүгдтэй хамт байг. 17Энэ мэндчилгээг Паул би мутарлав. Энэ нь захидал бүрд тэмдэг болдог. Би ийнхүү бичдэг. 18Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай.
Одоогоор Сонгогдсон:
2Тесалоник 3: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.