Эхлэл 16

16
Ишмаел төрөв
1Абрамын эхнэр Сараи түүнд нэг ч хүүхэд төрүүлээгүй байв. Тэрээр Хагар нэртэй нэгэн египет зарц бүсгүйтэй байв. 2Сараи, Абрамд
—ЭЗЭН намайг төрөхийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас та миний зарц бүсгүй дээр орно уу? Би түүгээр дамжуулан хүүхэдтэй болж магад гэж гуйсанд Абрам, Сараиг сонсон дагажээ. 3Ийнхүү Абрамыг Канаанд арван жил суусны дараа Абрамын эхнэр Сараи египет зарц Хагараа авчирч, нөхөр Абрамдаа татвар эм болгон өгчээ. 4Тэгээд Абрам, Хагар дээр орсонд тэр жирэмслэв. Хагар жирэмсэн болсноо мэдээд эзэгтэйгээ дорд үзэх болов. 5Сараи, Абрамд
—Миний хийсэн алдаа тан дээр буух болтугай!#16:5 эсвэл Миний эсрэг эргэсэн энэ алдаанаас болж та шаналах болтугай. Би зарц бүсгүйгээ таны өвөрт хийсэн. Одоо тэрээр жирэмсэн болсноо мэдээд намайг дорд үзэж байна. Та бид хоёрын хоорондохыг ЭЗЭН шүүг гэв. 6Абрам Сараид
—Харагтун, зарц бүсгүй чинь чиний л гарт. Дураараа л бол гэв. Тэгээд Сараи Хагартай ширүүн харьцсанд Хагар түүнээс оргон зугтаажээ.
7ЭЗЭНий тэнгэрэлч цөлийн нэгэн булгийн дэргэдээс, Шур хүрэх зам дахь булгийн дэргэдээс Хагарыг олж
8Сараигийн зарц бүсгүй Хагар аа! Чи хаанаас ирээд, хаашаа явж байна вэ? гэсэнд тэрээр
—Би эзэгтэй Сараигаасаа оргон зугтаж явна гэжээ. 9ЭЗЭНий тэнгэрэлч түүнд
—Чи эзэгтэйдээ буцаж очоод, гар дор нь орж захирагд гэв. 10ЭЗЭНий тэнгэрэлч түүнд
—Би үр удмыг чинь ихэд олшруулж, тоолж баршгүй болгоно гэв. 11ЭЗЭНий тэнгэрэлч түүнд
—Харагтун, чи жирэмсэн байна.
Чи хүү төрүүлэх болно.
Түүнийг Ишмаел#16:11 Ишмаел: евр. “Бурхан сонсдог” гэсэн утгатай. гэж дуудна.
Учир нь ЭЗЭН чиний зовлон зүдүүрийг сонссон билээ.
12Тэрээр хүмүүсийн дунд зэрлэг илжиг мэт байх болно.
Түүний гар хүн бүхний эсрэг
Хүн бүхний гар түүний эсрэг байх бөгөөд
Хамаг ах дүүсийнхээ эсрэг талд тэр амьдрах болно
гэв. 13Хагар “Түүнийг харсны дараа би энд амьд үлдлээ гэж үү?” гээд өөртэй нь ярьсан ЭЗЭНийг “Та бол хардаг Бурхан” гэж нэрлэжээ. 14Тиймээс тэр булгийг Беер-лахаи-рои гэж нэрлэсэн бөгөөд тэр нь Кадеш, Беред хоёрын хооронд байжээ.
15Тэгээд Хагар, Абрамд хүү төрүүлсэн ба Хагарын төрүүлсэн тэр хүүд Ишмаел гэдэг нэрийг Абрам өгөв.#Гал 4:22 16Хагар, Ишмаелыг Абрамд төрүүлж өгөхөд Абрам наян зургаан настай байжээ.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 16: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү