Эхлэл 26

26
Исаак Абимелех хоёр
1Абрахамын үед анх ган гачиг болсон тэр газарт дахин ган гачиг болсонд Исаак Герар уруу одож, Филистийн хаан Абимелех дээр хүрч очжээ. 2ЭЗЭН, Исаакт үзэгдэж
—Чи Египет уруу бүү яв! Миний зааж өгөх газарт суурьш. 3Тэр газарт суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр удамд өгнө. Би чиний эцэг Абрахамд андгайлсан тангаргаа биелүүлнэ.#Эх 22:16–18 4Би чиний үр удмыг тэнгэрийн од мэт олон болгож, энэ бүх газрыг чиний үр удамд өгнө. Газар дэлхийн бүх үндэстэн чиний үр удмаар дамжин ерөөгдөх болно. 5Учир нь Абрахам Миний дуу хоолойг сонсон дуулгавартай дагаж, Миний журам заавар, Миний тушаал, Миний зарлиг болон Миний хуулийг сахисан билээ гэв.
6Тэгээд Исаак Герарт амьдран суух болжээ. 7Тэр нутгийн хүмүүс эхнэрийнх нь талаар асуусанд тэр
—Энэ бол миний охин дүү гэжээ.#Эх 12:13, 20:2 Ребека нуруу гоолиг, царай үзэсгэлэнтэй учраас энэ нутгийнхан түүнээс болж өөрийг нь алж магадгүй гээд өөрийнхөө эхнэр гэж хэлэхээс тэр айжээ. 8Исаак тэнд удаан хугацаагаар суусан бөгөөд Филистийн хаан Абимелех цонхоороо харж байгаад, Исаак эхнэр Ребекагаа энхрийлэхийг нь үзсэн аж. 9Абимелех Исаакийг дуудан
—Тэр үнэхээр чиний эхнэр атал чи юунд түүнийг энэ миний охин дүү гэж хэлсэн бэ? гэсэнд Исаак
—Ребекагаас болоод би үхчихгүй юмсан гэж бодсон юм гэв. 10Абимелех
—Чи биднийг яаж байгаа чинь энэ вэ? Манай хүмүүсийн нэг нь эхнэртэй чинь хялбархан унтчихаж болох байсан. Тэгээд чи бидэн дээр ял буулгах байлаа гэв. 11Тэгээд Абимелех
—Энэ хүнд юмуу эсвэл түүний эхнэрт гар хүрсэн хэн ч болов үхэх болно гэж бүх ард олондоо тушаажээ.
12Тэгээд Исаак тэр газарт тариа тарьж, тэр жилдээ зуу дахин их ургац авав. ЭЗЭН түүнийг ерөөжээ. 13Тэрээр агуу их болж, маш агуу нэгэн болтлоо өслөө. 14Тэр хонин сүрэг, үхэр сүрэг, асар олон хамжлагатай байсан бөгөөд филистчүүд түүнд атаархаж, 15түүний эцэг Абрахамын өдрүүдэд зарц нарынх нь ухаж гаргасан бүх худгийг шороогоор дүүргэн битүүлэв. 16Абимелех, Исаакт
—Чи биднээс илүү хүчтэй болсон учир биднийг орхиж яв гэв.
17Исаак тэндээс хөдлөн явж, Герарын хөндийд майхнаа барьж, тэнд суув. 18Эцэг Абрахамынх нь өдрүүдэд ухаж гаргасан худгуудыг Исаак дахин ухжээ. Учир нь Абрахамыг өөд болсны дараа тэдгээрийг нь филистчүүд булж битүүлсэн байв. Исаак тэдгээрийг эцгийнхээ өгсөн нэрээр нэрийдэв. 19Исаакийн зарц нар Герарын хөндийд газар ухаж, ундарга сайтай худаг олжээ. 20Герарын малчид Исаакийн малчидтай маргалдаж
—Энэ ус манайх гэсэнд тэр маргалдаанаас болж, Исаак уул худгийг Есек гэж нэрлэв. 21Тэд өөр нэг худаг ухаж бас дахин маргалджээ. Исаак түүнийг Ситна гэж нэрлэжээ. 22Тэр тэндээс нүүж бас нэг худаг ухсанд дахин маргаан гараагүй учир түүнийг Рехобот гэж нэрлээд
—ЭЗЭН бидэнд газрыг тэлж өгсөн бөгөөд бид энэ нутаг дээр үржих болно гэв.
23Исаак тэндээс Беершебагийн зүг явав. 24Тэр шөнө нь ЭЗЭН түүнд үзэгдэж
—Би бол чиний эцэг Абрахамын Бурхан.
Бүү ай!
Би чамтай хамт учир
Зарц Абрахамынхаа төлөө чамайг Би ерөөн
Үр удмыг чинь олшруулах болно
гэв. 25Исаак тэнд тахилын ширээ босгож, ЭЗЭНий нэрийг дуудан, тэнд майхнаа барьж, түүний зарц нар худаг ухжээ.
26Тэгтэл Абимелех өөрийн шадар Ахуззат, цэргийн жанжин Фикол нарынхаа хамт Герараас Исаак дээр ирэв.#Эх 21:22 27Исаак тэдэнд
—Та нар намайг үзэн ядаж, өөрсдөөсөө хөөн явуулсан атлаа юунд над дээр хүрч ирэв? гэсэнд 28тэд
—ЭЗЭН чамтай хамт байгааг бид үзлээ. Тиймээс та бидний хооронд тангараг байж, тантай гэрээ байгуулъя гэж бид хоорондоо хэлэлцсэн юм. 29Бид чамд гар хүрэлгүй, зөвхөн сайныг хийж, чамайг амар тайван явуулсан шиг чи бидэнд хор хөнөөл бүү хий. Чи бол одоо ЭЗЭНий ерөөлийг хүртэгч нэгэн гэжээ. 30Исаак тэдэнтэй найрлаж тэд идэж ууцгаалаа. 31Тэгээд тэд өглөө эртлэн босож, бие биедээ тангарагласны дараа Исаак тэднийг явуулж, тэднийхээс тэд амар тайван оджээ. 32Тэгтэл тэр өдөр түүний зарц нар ирж, ухсан худгийнхаа талаар “Бид ус оллоо” гэж Исаакт мэдүүлэв. 33Исаак тэр худгийг Шеба гэж нэрлэсэн бөгөөд тиймээс тэр хотын нэрийг өнөөг хүртэл Беершеба#26:33 21:31 тайлбар үз. гэдэг ажээ.
Есавын хит эхнэрүүд
34Есав дөчин настайдаа хит хүн Беерийн охин Иудит болон хит хүн Елоны охин Басемат нарыг эхнэр болгон авчээ. 35Тэд Исаак, Ребека хоёрт сэтгэлийн зовлон болов.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 26: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү